Ховд аймгийн баруун сумдад малчид зудын эрсдлээс гарахын тулд адуугаа зарж байна. Тэд хилээр амьд адуу гаргахгүй гэсэн шадар сайдын шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл өвлийн эхэн сараас эхлэн өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн Баруун сумдын малчид зуданд тэсвэргүй, арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж мөнгөтэй болох нь чухал гэж үзэж байгаа юм.

Улсын хэмжээнд 110  суманд өвөлжилт хүндэрсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа. Тэдгээр сумдын тоонд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумд ороод байна. Булган сумын тухайд төвийн хэсэгтээ 30-35 см, уулархаг газраа 60-80 см цастай байна. Зарим малчид малаа хотноосоо гаргаж бэлчээх боломжгүйд хүрч нөөцийн өвс тэжээлдээ ороод байгаа юм.
 
Цаашид дахин их хэмжээний цас орвол 2009-2010 оны зудын нөхцөл байдлаас ч илүү гарз хохирол учирах эрсдэл байгааг малчид онцолж байна. Нэгэнт үүсээд байгаа хүндрэлийг даван туулахын тулд малчид малаа зарж борлуулах гарцыг хайж эхэлсэн нь энэ аж. Тиймээс цас зуданд хамгийн тэсвэргүй бод малаа зарж борлуулан, бог малаа онд оруулах өвс тэжээлээ худалдан авахыг илүүд үзэж байна.
 
Ховд аймгийн баруун гурван сумдын малчид хилээр адуу гаргахгүй гэсэн шадар сайдын шийдвэрээс болж мал ч үгүй мөнгө ч үгүй болох эрсдэлд хүрээд байгаа тухайгаа учирлаж байна. Тухайн сумдын малчид 700 орчим адууг аж ахуй нэгжид гэрээгээр өгчихөөд мөнгөө авч чадахгүй хүлээлтийн байдалтай байгаа аж.
 
Хэрэв холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийвдэрийг хүлээх юм бол ирэх оны 04-р сарын 1 гэхэд нөхцөл байдал нэгэнт оройтож малчид хохирох магадлал их байна. Тиймээс ядаж улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий амьд адуу гаргадаг аж ахуй нэгжийг бүгдийг нь биш юмаа гэхэд өвөлжилт хүндэрсэн цас зудтай сумдын малчдын адууг нэг удаадаа гадагшаа гаргах зөвшөөрөл олгож өгөх боломжийг нутгийн иргэд төр засгаасаа хүсэж байна.
 
Гэвч энэ асуудлаар холбогдох байгууллагад албан ёсоор хандаагүй байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. 

Б.Сансар
olloo.mn