Байхгүй мөнгийг луйвардсан нь буюу “Чингис”, “Самурай” бонд
2016/12/14
Аливаа улс орны сан хөмрөгт ганц ч төгрөг наалдаагүй, үндсэндээ огтоос байхгүй мөнгийг эрх баригчид луйвардан шамшигдуулах башир арга бий. Үүнийг дэлхий нийтэд “Мозамбикийн сургамж” гэж нэрлэдэг.
Энэ бол байгалийн баялгаа эдийн засгийн нарийн тооцоололтой зарцуулалгүй үнэгүйдүүлж, авлига хээл хахууль, ядууралд идэгдсэн хөгжил буурай оронд нүүрлэдэг аюул юм. Газрын тосны экспортоор тэргүүлэгч орны нэг болно гэж галзуурч байсан Мозамбик улс өнөөдөр маш хүнд байдалд ороод байна. 2020 оноос нааш тус улсын эдийн засаг сэхээ авахгүй, газрын тос илрүүлэх, олборлох төсөл нь хэрэгжих боломжгүй гэдгийг эдийн засгийн олон улсын шинжээчид бодит үндэслэлтэйгээр бичиж байгаа.
Нөхцөл байдал ийм байтал тус улс Швейцарийн “Credit Suisse”, ОХУ-ын “ВТБ” банкны тусламжтайгаар Олон улсын валютын сангаас 2.2 тэрбум ам.долларын зээл авсан байдаг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1000, нийт эдийн засаг нь 15 тэрбум ам.доллараар хэмжигддэг, гадны тусламжаас илт хамааралтай орны хувьд энэхүү зээл эргэн төлөхөд амаргүй гэдэг нь ойлгомжтой. Хамгийн гол нь зээлийн мөнгөө тухайн орны эрх баригчид далд хэлбэрээр үрэн таран хийж, чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм.
“Зөвхөн нэг салбарыг дагналгүй эдийн засгаа солонгоруулах, таваарын үнэ унах цагт хэрэглэх аюулгүйн санд зориулж ахиухан мөнгө нөөцлөх, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүтээмж сайжруулах ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийх” гээд мөнгөө хэрэгтэй зөв зүйлд зарцуулаагүй гэж эдийн засагч, шинжээчид үзэж байна. Тус улсад өгсөн зээлийн мөнгө чухам хаачсаныг аудитын шалгалтаар тогтоохоос нааш нэмж зээл олгохгүйг Олон улсын валютын сан мэдэгдсэн.
Тэгвэл манай улсад яг ийм үйл явдал болоод өнгөрсөн. Монгол Улс Мозамбикийн өрөвдмөөр жишээг дахин давтсан юм. Ардчилсан нам болоод Ардын намынхны ээлжилж засаг барьсан өнгөрөгч жилүүдэд чухам юу болов. Оюу толгой, Таван толгой хэмээх дэлхийд баялгийнхаа нөөцөөр тэргүүлдэг гэх томоохон уурхайнуудын сураг сонсогдоод хичнээн жилийн нүүр үзэж байгаа билээ. Мөн төмөр зам, Асгатын мөнгөний орд, аж үйлдвэрийн парк, нефтийн үйлдвэр, төмрийн үйлдвэр гээд улс орны эдийн засгийн баталгаа болсон томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн тухай яригдаж байсан. Гэвч хачирхалтай нь энэ бүгдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй, Оюу толгойн төсөл л гэрээ хэлэлцээрийнхээ шатанд явах үед манай эрх баригч сүгсэлзэрүүд олон улсаас өндөр хүүтэй зээл авчихсан.
Өнөө цаасан дээр байгаа төслүүдийнхээ нэрийг бариад “Чингис”, “Самурай” бондыг босгоод “Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зэх зээлд амжилттай арилжлаа” гэж тухайн үеийн Монгол Улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй сайдууд инээд алдацгааж, бөөн хөөр баяр болсон. Ингэж эрх баригч нөхөд эдийн засгийн нарийн чанд тооцоо шинжилгээгүйгээр зөвхөн хувааж идэх л хүсэл шуналдаа автаж, хүний урманд нэг ч үйлдвэр үүд хаалгаа нээгээгүй байхад бонд нэрээр асар их хэмжээний мөнгө завшсан юм. Энэ бол улсын төсөвтөө тусгагдаж, эдийн засгийн эргэлтэд ороогүй мөнгийг урьдчилан луйвардаад авчихсан гэсэн үг. Өнөө олон улсад муугийн жишээ болон мөрдөгддөг “Мозамбикийн сургамж” гэдэг нь.
Монгол Улсын Засгийн газрын “Чингис” бонд нэрээр 1.5 тэрбум ам.долларын зээл босгосны дараа “Pinebridge Investments” хэмээх олон улсын судалгааны компаниас “Монголын Засгийн газар уул уурхай, дэд бүтэц хөрөнгө оруулахад ямар бодлого баримтлах нь дотоодын компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчдад тийм ч тодорхой бус байна” хэмээн мэдэгдэж байсан. Ирэх оноос бондын хүү төлөгдөж эхэлнэ. 2018 оны эхний хагаст 500 сая ам.доллар болон хүүнд нийт 571.9 сая ам.доллар төлөх юм. 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрөө төлөх ёстой. Ийм асар их хэмжээний өндөр хүүтэй өр зээлээр бид юу хийсэн бэ. “Чингис”, “Самурай” бондын мөнгийг хөгжлийн банкинд хуримтлуулж, “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн. Нийслэлийн зарим гудамж талбайн зам тавьж, хэдэн уулзварыг өргөтгөснийг тэрхүү мөнгөтэй дүйцүүлж үзэхээр өдөр шөнө шиг ялгаатай зүйл харагддаг. Ёстой гол харламаар санагддаг. “Бид “Чингис” бондынхоо мөнгөөр хатуу хучилттай автозам тавилаа” гэж ханхалздаг. Яг үнэндээ бол лаазны гялгар төмөр шиг нимгэхээн нарийхан замаас өөр юу ч алга. Тэрхүү шилэн замыг нь эргээд засварлахад бараг л шинэ зам тавьснаас илүү өртөг гарах тийм л ажил хийсэн. Оюу толгой, Таван толгойгоо олигтойхон хөдөлгөж чадсангүй. Оюу толгойн далд бүтээн байгуулалтын уурхайг эс тооцвол амжилт олоогүй. Таван толгой маань ёстой л нөгөө танзуур, бурамхан болоод л дуусч байгаа. Төмөр замын тэр агуу том төсөл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил юу болов. Энд тэнд сэндийлж ухсан шорооноос өөр юм алга. Хэсэг бүлэг нөхдийн ил далдуур идэж уусан асуудал л мандаж байх шиг байна.
Сайншандын аж үйлдвэрийн парк, Дархан, Сэлэнгийн бүс нутаг дахь металлургийн үйлдвэр, гангийн үйлдвэрлэл, жилд 15 сая тонн төмрийн хүдэр олборлон нойтон аргаар баяжуулж Сайншанд руу нийлүүлэх төсөл, газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр, Хэнтийн Бор-Өндөрт нефтийн үйлдвэр байгуулах, тус бүс нутгийг аж үйлдвэрийн хот болгох эрх баригчдыг амлалтууд яасан бэ. Энэ бүгдийг л ярьж, Монгол Улсад эцсийн бүтээгдэхүүн бий болгон, эдийн засгийн тусгаар тогтнолын дархлааг бий болгох гэж бид чинь эзэн хааныхаа нэрээр 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас 30 тэрбум иен буюу тухайн үеийн ханшаар 600 орчим сая ам.долларын “Самурай” бондыг босгоогүй гэж үү.
Гэвч үгүй юм байна. Тэд зүгээр л цаасан дээрх төсөл хөтөлбөрүүдээ барьж очоод улсынхаа дансанд орж ирээгүй мөнгийг хулгайлах башир аргыг хэрэглэсэн ажээ. Оюу толгой, Таван толгойгоос асар их мөнгө олно. Тэгээд зээлээ төлнө хэмээн “алаагүй баавгайн арьс” нөмөрч гүйлдсэн нөхдөд түүхий эдийн зах зээлийн уналт яг л Мозамбикийн газрын тосны хямрал шиг нөлөөлөлгүй хаачихав. Шинэ баян цээж өвчтэй гэгчээр газрынхаа хэвлийгээр дүүрэн алт эрдэнэстэй гэж хөөрцөглөсөн нөхдийг “зайлуул ингэж л байдаг” юм гэсэн шиг луугар том орнууд улам хөөргөж, эцэст нь дампуурлынх нь ирмэгт авчирлаа. Тиймээс өнөөгийн эрх баригчид энэхүү сургамжийг санаж, Хятадын зээл болоод бусад өр зээлэндээ хянуур хандах хэрэгтэй.
Ө.Манлай
шаабар · 2016/12/14
Маш зөв бичиж. Мэдээж олон зүйл дутуу. Гэхдээ л голыг нь гаргаад хэлчихэж. Харамсалтай нь цаад эргүү толгойнууд нь унших ч үгүй ойлгох ч үгүй. Ийм асуудал хэлэлцэх үед "тархиа амраах" гээд энэд тэнд зугаалж явсан л байж таарна. Одоогийн хэд ч гэсэн ялгаагүй үлдсэн мөнгөнөөс хэрхэн өөртөө авах арга л сийлж суугаа.