Төсвийн нийт тэнцэл 2,677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
2016/12/15
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 100.7 хувийн, нийт зарлага 82.7 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 2,677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 1,650.7 тэрбум төгрөгөөр бага байна.
Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг дэлгэрэнгүй байдлаар хүргэе.
Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт: Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2016 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 5,059.5 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 0.7 хувиар буюу 33.6 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар буюу 29.1 тэрбум төгрөгөөр илүү байна.
Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 87.2 хувь, татварын бус орлогоор 12.8 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.
Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр харуулбал:
- Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 3,331.9 тэрбум төгрөгт хүрч 0.9 хувиар буюу 30.1 тэрбум төгрөгөөр давж төвлөрсөн байна. ААНОАТ-ын орлого 40.3 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 9.3 тэрбум, дотоодын архи дарсны онцгой албан татварын орлого 18.9 тэрбум, импортын тамхины онцгой албан татварын орлого 8.9 тэрбум, автобензин дизелийн түлшний онцгой албан татварын орлого 31.5 тэрбум, импортын гаалийн албан татварын орлого 13.8 тэрбум, улсын тэмдэгтийн хураамжийн орлого 14.6 тэрбум, бусад татварын орлого 9.2 тэрбум, навигацын орлого 16.1 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давсан нь голлон нөлөөлсөн байна. НӨАТ-ын буцаан олголтоор 92.2 тэрбум төгрөг олгосон байна.
- Орон нутгийн төсвийн орлого 1,912.9 тэрбум төгрөгт хүрч 4.3 хувиар буюу 86.8 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Нийслэлийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 13.9 тэрбум, үйл ажиллагааны хувь хүний орлогын албан татварын орлого 3.8 тэрбум, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 3.5 тэрбум, дуудлага худалдааны орлого 10.0 тэрбум, Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 1.2 тэрбум, хүүгийн орлого 9.4 тэрбум, торгуулийн орлого 5.3 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 2.7 тэрбум, өмч хувьчлалын орлого 12.1 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь нийслэлийн орлого 70.4 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна. Орхон аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 1.3 тэрбум төгрөгөөр дутсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 0.9 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна. Өмнөговь аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татварын орлого 2.0 тэрбум, ус рашааны нөөц ашигласны төлбөрийн орлого 1.7 тэрбум, татварын бус бусад орлого 3.9 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь тус аймгийн орлого төлөвлөгөөнөөс 9.7 тэрбум төгрөгөөр дутахад голлон нөлөөлсөн байна.
- Хүний хөгжлийн санд 158.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 2.4 хувиар буюу 3.8 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлоготой холбоотой байна.
- Нийгмийн даатгалын санд 1,626.6 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 2.8 хувиар буюу 44.6 тэрбум төгрөгөөр илүү байна. Тус санд улсын төсвөөс 449.2 тэрбум төгрөгийн татаас олгосон байна.
Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт: Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 9,353.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 7,736.7 тэрбум төгрөгийн буюу 82.7 хувийн, улсын төсвийн зарлага 7,194.1 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 5,795.8 тэрбум төгрөгийн буюу 80.6 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
- Улсын төсвийн халамжийн сангаас ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн зардал 4.8 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжид 27.2 тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 17.0 тэрбум, хөрөнгийн зардал 1,012.9 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна. Улсын төсвөөс орон нутагт 138.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 90.8 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг, 920.4 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгийг тус тус олгосон байна.
- Орон нутгийн төсвийн зарлага 2,029.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 88.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгаас улсын төсөвт 82.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
- Хүний хөгжил сангийн зарлага 260.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 96.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас хүүхдэд олгож байгаа бэлэн мөнгөний санхүүжилтээр 206.0 тэрбум төгрөгийг олгоод байна.
- Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 100.9 хувийн буюу 1,622.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Тус сангаас улсын эмнэлгүүдэд 146.2 тэрбум төгрөгийн татаасыг олгосон байна.
Төсвийн тэнцэл:Тайлант хугацаанд гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 121.0 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 1,272.9 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 224.8 тэрбум төгрөгийг тус тус төлж, 481.0 тэрбум төгрөгийн гадаад төслийн, 612.1 тэрбум төгрөгийн төслийн бус гадаад зээл тус тус авч, Засгийн газрын 1,840.4 тэрбум төгрөгийн урт хугацаат дотоод, 1,021.4 тэрбум төгрөгийн урт хугацаат гадаад, 282.8 тэрбум төгрөгийн богино хугацаат дотоод бондыг тус тус арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 2,677.3 тэрбум, улсын төсвийн нийт тэнцэл 2,464.0 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарсан байна.