УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа.Уг хуулийн төслүүдээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нийт жолооч нарт анхаарууштай заалт орсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зорилготой юм байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заасан байдаг.

Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд дахин “торгох” шийтгэл оногдуулахаар заасан нь хор уршиг, нийтэд учруулах аюул, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчил үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээс хамааран харилцан адилгүй зөрчилд нэг төрлийн шийтгэл оногдуулах оновчгүй зохицуулалтыг бүрдүүлэхээр байгаа юм байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрт нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг дангаар нь оногдуулахаар уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй уялдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хороо, УИХ-аар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

М.Мөнгөн