П.Очирбат: Ааштай хүмүүсийн араншинд тааруулж савчиж байдаг хууль, Засгийн газар гэж байхгүй
2016/12/21
Х.ЦОМ
“Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2016.12.21/ Төрийн ордонд болов. УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн илтгэл тавьсан юм. Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай Үндсэн хуультай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хууль үүргээ хэр гүйцэтгэж байна вэ. Хуулийг өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хууль үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Цаашдаа ч сайн гүйцэтгэнэ. Өөрчлөгдөхгүй зүйл гэж байхгүй. Хүний оюунаар бүтсэн зүйл нийгмийн хөгжлөөр өөрийнхөө хэрэгтэй хэрэггүйг шалгуулж дүн нь гарч байдаг. Ард түмэн Үндсэн хуулиа өөрсдөө баталсан. Өөрсдөө хэлэлцсэн. Өөрсдийнхөө бүтээл буюу айлаар ярихад төрүүлсэн бүтээл нь хэр зэрэг ачтай тустай, нийгэмд хэрэгтэй хүн болж хүмүүжив гэдэг шиг Үндсэн хуулиа бас л хэмжиж шалгаж байгаа. Үндсэн хууль өөрчилье гэдэг ард түмний санал мөн үү биш үү гэдгийг асуух ёстой. Мөн юу нь болохгүй, яаж өөрчлөх юм гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй. Ард түмнээс асуусан тохиолдолд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ одоо өөрчлөх цаг нь мөн үү, өөрчлөх зүйлээ оновчтой сонгож ард түмний амьдралын хөгжлийн шалгуур даахгүй ийм үзүүлэлт заалт байна гэж үзвэл өөрчилж сэлбэж, нэмж тодруулах хэрэгтэй. Түүнээс биш улс төрчид, намын сонирхолд Үндсэн хууль нийцэхгүй байгаа учраас өөрчилье гэх юм бол ард түмэн зөвшөөрөхгүй. Олон намын тогтолцоотой улс оронд нэг намын саналаар, нэг улстөрчийн сонирхлоор өөрчилнө гэж байхгүй. Өөрчлөх эсэхийг ард түмэн мэднэ. Харин ямар зүйл заалтаар яаж өөрчлөх хуулийн нарийн заалтыг хууль тогтоогчид ярьж хэлэлцэж болно.
-Үндсэн хуулийг ямар тохиолдолд зайлшгүй өөрчлөх шаардлагатай вэ?
-Үндсэн хуулийн боломжийг бүрэн ашиглаж чадсан уу гэдгээ нарийн хэмжиж хэлэлцмээр байгаа юм. Жишээлбэл, Үндсэн хуулинд заасан 28 хуулийг гаргаж тухайн үед зохицуулж чадахгүй дутуу орхисон асуудлыг бүрэн ашиглаж чадсан уу гэвэл би чадаагүй гэж хэлнэ. Ер нь Үндсэн хуулийн боломж, чадамжийг агуулгаар нь ухаарч ойлгож чадсан уу. Үндсэн хуульдаа захирагдах уу эсвэл тухайн цаг үеийн улс төрийн үзэл бодлын зөрчлийг дагуулж буруу тийш нь, тухайн нам улстөрийн сонирхолд нийцүүлж өөрчилнө гэж бодож байгаа бол бүтэхгүй. Тэгэж ч болохгүй. Тиймээс энэ болгоныг сайн ярьж хэлэлцэх хэрэгтэй. Учиргүй яараад байх зүйл байхгүй. Ер нь Үндсэн хуулийг нийгэм солигдоход л өөрчилдөг. 1924 онд Хаант засгийг сольж Бүгд найрамдах засгийг солино гэж Үндсэн хуулийг гаргасан. 1940 онд хөрөнгөтний биш хөгжлийн замаар хөгжинө гэж үзээд Үндсэн хууль гаргасан. Дараа нь дутуу байна гээд социализм, коммунизм байгуулна гээд 1960 оны Үндсэн хуулийг өөрчилсөн. 1990 оныхыг зах зээлийн эдийн засагтай, олон намын системтэй ардчилсан тогтолцоонд шилжинэ гээд Үндсэн хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулиа яаж өөрчлөх юм. Буцаагаад хуучин нийгэм рүүгээ шилжинэ гэж Үндсэн хууль зохиох юмуу. Энэ Үндсэн хуулийн гавъяа Монголын ардчиллыг өдий зэрэгтэй хөгжүүлээд бэхжүүлээд Азид биш дэлхийд хөгжил баталгаатай болсон Монгол Улсыг бий болгосон. Ийм түвшинд хүргэсэн хуулийг болохгүй, бүтэхгүй гэх үндэслэл бий юу.
-Энэ парламентад Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий юу?
-Парламентын чадамжийн асуудал биш. Үндсэн хууль нийгмийн баталгааг хангаж чадаж байна уу, чадахгүй байна уу эсэх асуудал юм.
-УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөлтөөр тодорхой болгоно гэсэн асуудал яригдаж байна?
-Үндсэн хуулинд эрх мэдлийг маш нарийн хуваарилж өгсөн. Харамсалтай нь аль ч Их Хурал Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг баримтлахгүй байна. Үндсэн хуулиар заачихсан Засгийн газрын эрх мэдлийг УИХ урдуур нь орж эдлээд Засгийн газраар тэр эрх мэдлийг нь хэрэгжүүлүүлэхгүй байгаа юм. УИХ зарим тохиолдолд парламентын үйл ажиллагаа явуулах эрхийг урдуур нь орж хязгаарлаад байна. Төр төвтэй нийгэм биш эргээд нам төрийн эрхийг барина гэсэн 1960 оны Үндсэн хуулийг сэргээх шахуу юм болж байна. Ингэж болохгүй.
- Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн зүйл ярьж байгаа шүү дээ?
-Эрх мэдэл дутаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд заасан эрх мэдлийг Засгийн газар бүрэн хэрэгжүүлээд явах юм бол хүрэлцээтэй. Тэр эрхийг УИХ эдлүүлэхгүй байгаа учраас эрх мэдэл дутаад байгаа юм шиг ажиглагдаад байгаа юм. Засгийн газар муудаа биш Засгийн газраар ажлыг нь хийлгэхгүй байна. Сонгууль болохоор л хууль, Засгийн газар өөрчлөгдөж байдаг. Ерөөсөө Засгийн газрын тогтвортой бүтцээр Их Хурал ажиллуулахгүй байна. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг Үндсэн хуульд бичигдсэн маш нарийн дэг журамтай зүйл. Нэг зүйл таалагдахгүй бол Засгийн газрын тэр гишүүнийг огцруулна, нэг намд таалагдахгүй бол Засгийн газрыг орвонгоор нь эргүүлнэ гээд явж байдаг болж. Үндсэн хуульд захирагдаж байгаа болохоос ааштай хүмүүсийн араншинд тааруулж савчиж байдаг хууль, Засгийн газар гэж байхгүй. Хуулиа мөрдөхгүй байна.
Эх сурвалж: www.polit.mn
Ховдгийн гай П.Очирбат · 2016/12/21
Хүмүүс энэ Очирбат гэж гэгчийг Ховдгийн гай гэж нэрлэдэг болсон байна лээ.Энэ шуналтай өвгөн зүгээр л гэртээ хэвтээсэй билээ.