Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн (GMO - Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар генийн бүтцийг нь өөрчилсөн организмуудын нэгдэл юм. Генийн өөрчлөлттэй буюу хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн Монгол улсад хяналтгүй орж ирж байгааг зохицуулах үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн зохицуулалт ямар байх талаар хүргэж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй хэмээн тунхагласан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2011 онд батлан гаргасан “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-д Монгол хүн амьдралынхаа туршид тэжээллэг чанар бүхий аюулгүй, экологийн цэвэр хоол, хүнсээр хангагдах, зөв хэрэглэх нөхцлийг бүрдүүлнэ гэж тодорхой тусгасан.

Манай улсын хувьд 2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. Харин энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямарваа нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрхзүйн орчныг бүрдүүлээгүй байгаа нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэж байна.

2000 онд дэлхийн 84 орны 828 эрдэмтэн хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хор нөлөөг анхааруулсан ил захидлыг Засгийн газруудад илгээж, сав шим ертөнц, хүн төрөлхтөнд асар их хохирол учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн, цаашид арилжааны зориулалтаар тариалах, үйлдвэрлэх, худалдаалах, хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалсан.  

НҮБ-ын Хүнсний комиссын мэдээллээр, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь экологийн аюултайгаар зогсохгүй зарим үйлдвэрлэгчид хориглосон бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, найрлагын тухай мэдээллийг нууцлах тохиолдол багагүй гардаг байна.  Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна. Тухайлбал А.Pusztai, S.Ewen /Ихбритани/, M.Malatesta /Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, шар буурцаг, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний жин, дархлааны систем өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавар илэрч байгааг тогтоосноор өөрсдийн хийсэн туршилтаа давтан хийхийг дэлхий дахинд уриалжээ. Мөн зарим эрдэмтэн орчин үед асар хурдацтай нэмэгдэж байгаа харшил, хорт хавдар, хэт таргалалт, дархлааны хомсдлыг хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гэж үзэж байна. Дэлхийн улс орнууд хувиргасан амьд организмаас гаралтай хүнс хэрэглэхээс татгалзаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хууль тогтоомждоо энэ талаарх зохицуулалтыг оруулж, хүнсний стандарт, хяналтаа сайжруулсаар байна. Тухайлбал 2014 онд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Орос улс бүх төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн импортлохоос татгалзах болно” хэмээн мэдэгдсэн бол 2016 оны 07 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин Хувиргасан амьд организмаас гаралтай малын тэжээлийн импортыг хоригложээ.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул  дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна.   Тиймээм Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.   

Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа Европын холбоо болон бусад улсын хууль тогтоомж, хүнсний стандартын талаар судалж, түүнд тулгуурлан боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид мэдэгдсэн.

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд 1, 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглож, импортод хяналт тавих, 3 дугаар зүйлд хууль хэрэгжиж эхлэх хугацааг тогтоох юм. Тодруулбал,

  • төслийн 1 дүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай,
  • төслийн 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай,
  • төслийн 3 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан.

            Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна.

 Хуулийн төсөлтэй холбогдуулан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дагалдуулсан байна.

Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн төвшинд хэн юу ярьсан талаар бид эргэн мэдээлэх болно.

М.Мөнгөн