Кувейт улсын Эрхэм дээд Эмир Монгол улсад тусална гэж амлалаа
2016/12/22
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжлэв.
Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт бараалхлаа.
Тэрбээр Эрхэм дээд Эмирт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Кувейтийн Засгийн газар, ард түмэн Монгол Улсад тохиолдсон хүндрэл бэрхшээлтэй цаг үед найрсаг харилцаатай анд нөхдийн ёсоор байнга туслан дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Тус улс 2000-2001 оны зудын үед 500.0 мянган ам долларын тусламж үзүүлж, энэ жил Баян-Өлгий аймагт тохиосон үерийн гамшгийг арилгахад тусалсан билээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн бүхий л салбарт сүүлийн 20 гаруй жил амжилттай хөгжиж байна. Кувейтийн талын санхүүжилтээр барьж байгуулсан авто зам, Тайширын УЦС зэрэг бүтээн байгуулалтад Монголын ард түмэн ямагт талархаж байдаг. Эрхэм дээд Эмир Таны санаачлан байгуулсан Судалгааны төв Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, Өндөрхааны нисэх буудлын өргөтгөл шинэчлэлтийн техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж байна” гэж тэмдэглэв.
Тэрбээр Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагууд хоёр орны ойрын үеийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар судалгаа хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлснийг Эрхэм дээд Эмирт дуулгаад “Та Монголыг сайн мэднэ. Монгол Улсад элгэмсэг дотно ханддагт тань бид гүнээ талархдаг. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, дэд бүтцийн зэрэг чиглэлээр Монголд хөрөнгө оруулах боломж бий. Бид анд нөхөд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад баяртай байх болно” гэж онцоллоо.
Түүнчлэн энэ жил болсон сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент, Засгийн газар ирэх 4 жилд нэг зорилго, бодлоготойгоор тогтвортой үйл ажиллагаа явуулах болно. Ирэх жил Монгол-Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх саналыг манай талаас дэвшүүлсэн. Энэ хуралдаанаар хамтын ажиллагааны зорилтууд тодорхой болно гэдэгт найдаж байна. Улсын Их Хурал гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тэдний эрх ашгийг хамгаалах, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна гэж нэмж хэллээ.
Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах “Иракийн дайны үед Кувейтийг дэмжиж байсанд нь бид Монгол Улсад байнга талархаж байдаг. Эрхэм УИХ-ын дарга та гэртээ байгаа мэт тавтай зочлоорой. Хэдийгээр жихүүн сэрүүн байгаа ч монгол хүмүүст тийм ч хүйтэн биш болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгааг минь, миний мэндчилгээтэй хамт дамжуулж өгөөрэй” гэлээ.
Тэрбээр “Кувейтийн сангийн шугамаар хийх Өндөрхааны нисэх буудлын шинэчлэл, өргөтгөлийн ажил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Өөр бусад төсөл хөтөлбөрт ч манай улс хөрөнгө оруулахад бэлэн. Холбогдох шугамаар хэлэлцэн тохирч, судалгаа дүгнэлтээ гаргах байх. Энэ жилийн хувьд газрын тосны үнийн уналттай холбоотойгоор манай санхүүгийн байдал амаргүй байна. Гэхдээ Монгол Улсад боломжийнхоо хэрээр туслахыг зохих байгууллагуудад чиглэл болгоно” гэж амлалаа.
Мөн Эрхэм парламентын дарга Таны айлчлал ихээхэн чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал шүү хэмээн онцоллоо.
Эрхэм дээд Эмир уулзалтын төгсгөлд Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөв.
Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд Кувейтийн хөрөнгө оруулалтын газрын сонголтот хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Фарук Бастаки, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анес Халид Аль-Салех нартай уулзлаа.
Эрхэмсэг ноён Фарук Бастаки Монгол Улсад хөрөнгө оруулах чиглэлээр газар дээр нь очиж судалгаа хийе. Би энэ чиглэлээр Монголд очиж ажиллаж байсан тул нөхцөл байдлыг сайн мэднэ. Томоохон төслүүдийн талаар судалгаа хийж, үр ашгийг нь сайтар тооцох нь чухал. Харин жижиг төслүүдийн хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимаар дамжуулж хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Бид Кувейтийн сантай хамтарч ажиллаж байсан туршлагатай. Харин Хөрөнгө оруулалтын газарт зочилж байгаа анхны монгол хүн нь би байж магадгүй. Бид та бүхэнтэй хамтарч ажиллах чинхүү хүсэлтэй байна. Ялангуяа танай байгууллагын олон улсын эдийн засгийн орчин дахь үнэт цаасны болон хөрөнгийн зах зээлийн туршлага бидэнд нэн чухал” хэмээн онцолсон юм.
Шадар сайд бөгөөд Сангийн сайд Анес Халид Аль-Салех “Манай улсаас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн хамгийн сүүлчийнх нь 2010 онд хийгдсэн. 2014 онд Эрхэм дээд Эмирийн зарлигаар Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын ахлах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Монголд очиж, судалгаа хийсэн ч хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөр алга байна гэсэн дүгнэлт хийсэн. Танай улсаас бодитой төсөл, хөтөлбөр ирүүлбэл Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар хүлээж авахад бэлэн” гэж мэдэгдлээ.
Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Кувейтийн парламентын үйл ажиллагаатай танилцсан юм. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Кувейт улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.
ТОДРУУЛГА: Кувейт улсын Эрхэм дээд Эмир (өмнөх болон одоогийн) 1995, 2007 онд Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах 2006 оны нэгдүгээр сард Эмирээр өргөмжлөгдсөн. Өдгөө 87 настай.
Кувейт улс нь 1961 онд тусгаар тогтнолоо зарласан. Ардчилсан, хаант засаглалтай орон. 17.8 мянган ам км нутагтай. 2.8 сая хүнтэй. Нийт хүн амын 45 хувь нь буюу 1.3 сая нь кувейтчүүд. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 70.200 ам доллар. Эдийн засгийн гол суурь нь газрын тос. Гадаад орнуудад хийсэн хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээ 60 тэрбум ам долларт хүрчээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Эль-Кувейт хотоос мэдээлэв.