​УИХ-ын гишүүн Ц.Ням­дорж “Алтан дорнод Монгол” компанийн захирал асан С.Паушок ярилцлага өг­сөнтэй холбоотойгоор өн­гөрсөн даваа гарагт хэв­лэлийн бага хурал зарласан.
Энэ үеэр сэтгүүлч түүнээс “Өмнөговь аймагт Хятадын “Winsway” компани туузан дамжуулагч хэрэглэн нүүрс тээвэрлэж байна. Үүгээр хэч­нээн хэмжээний алт урд хөрш рүү урсахыг хэн ч таа­маглахгүй байна. Та энэ туузан дамжуулагч гэгчийг хууль ёсоор зөвшөөрөх ёс­той гэж байсан санагдаж бай­на” хэмээн асуусан. Түүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Туузан дам­жуулагч гэдэг чинь конвейр л гэсэн үг юм байна билээ. Би Австралид тийм тоног төхөөрөмж харж байсан.Тийм тоног төхөөрөмж нэвтрүүлээд хяналтаа тавьж чад­вал хилээр нүүрс зөөхөд тул­гардаг асуудал үгүй бол­но.

Нөгөөтэйгүүр нүүрсэн дунд алт гаргах боломжгүй. Алтыг зэс зэргийн дунд л гаргадаг гэж бодож байна” гэсэн хариултыг өгсөн. Энэхүү харилцан яриа хэдэн жилийн өмнө Монгол Улсын дархан хилийн бүрэн бүтэн байдлыг эвдэн сүйтгэж “Winsway” компанийн туузан дамжуулагч ажиллаад эхэлсэн байна гэсэн хардлагыг төрүүлсэн юм. Энэ талаар Уул уурхайн яамнаас тодруулахад “Тийм асуудал огтхон ч байхгүй. Туузан дамжуулагч бүхий бай­гууламж дутуу баригдсан учир ашиг-лах боломжгүй” хэмээн мэдэг­дэж байна. Гэсэн ч сэрэмжлүүлэг болгож энэ талаарх зарим асуудлыг төрийн түшээдэд сануулахаар шийдсэн юм.

Нүүрс тээвэрлэх  50 километр туу­зан дамжуулагч бүхий бай­гууламжийг одоогоос дөрвөн жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэнгийн боомт дээр Хятадын “Winsway” компани барьж эхэлсэн. Туузан дамжуулагч гэдэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайл-барлаж буйгаар томоохон цахил­гаан станц, нүүрсний уурхайнууд  дотооддоо ашигладаг конвейр бүхий бай­гуу­ламж юм байна. Гэхдээ Хятадын “Winsway” компанийн барьсан туузан дамжуулагч нь үйлд­вэрт хэрэглэдэг туузан дам­жуу­лагчийн хүчин чадлыг хэдэн зуу дахин нэмэгдүүлсэн томоо­хон байгууламж юм. Энэхүү байгууламжийг барихын тулд Хятадын “Winsway” компани 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж, бай­гууламжийнхаа 90 орчим хувийг барьж, бэлэн болгоод байгаа аж. Үүгээр зогсохгүй Шивээхүрэнгийн боомттой хил залгаа Хятадын Сэхэ боомтод туузан дамжуулагчаас нүүрс хүлээж авах хэсгийг хэдийнэ бэлэн болгосон гэнэ. Дээрх туузан дамжуулагч бүхий байгууламжаар   Нарийнсухайтын уурхайнуудаас урагшаа нүүрс гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

“Winsway” компани нь уул уурхайн салбарт сүүлийн хэдэн жил хүч түрэн орж ирж байгаа бөгөөд Монгол Улсын тэр дундаа говийн болон зүүн аймгуудын нутагт нөлөөллөө тогтоочихсон гэхэд болно. Монгол Улсад анх нүүрсний тээвэрлэлтээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж бай­сан “Winsway” компани өнөөдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн долоо орчим хувийг тусгай зөвшөөрөлтэйгөөр эзэмшдэг аж. Шивээхүрэн, Гашуун сухайтын боомтод ложистикээ ийнхүү бэлтгэснээс гадна Дорноговь, Дорнод, Сүхбаатарын хилийн боомтыг ашиглалтад орохыг амдаж, ложистикоо бэлтгэчихсэн бай­гаа аж. Хэдийгээр холбогдох бай­гууллагууд нь “Winsway” ком­панийн дутуу барьсан туузан дам­жуулагч бүхий байгууламжаар “тээвэрлэлт хийх боломжгүй” гэж мэдэгдэж байгаа ч хүлээж авах боомт дээрх байгууламж нь бэлэн болсон. Дутуу баригдсан гээд байгаа Шивээхүрэнгийн боомт дээрх туу­зан дамжуулагч нь бараг л бүрэн баригдсан гэх зэрэг хардлагаас үзэхэд хуулиар зөвшөөрөөгүй дээрх байгууламжаар тээвэрлэлт хийж, Монголын нүүрсийг хяналтгүйгээр зөөж байх вий гэсэн хар өөрийн эрхгүй төрж байгаа юм. Монгол Улсын дархан хилийн цэг дээр нэгэн компанийн эрх ашгийг харгалзан үзсэний үндсэн дээр байгууламж барих зөвшөөрлийг олгож, тэрхүү байгууламжийг нь хуулиар хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байсан төрийн түшээдтэй гэдгээ санахад илүүдэхгүй биз. УИХ-ын нэр нөлөө бүхий гишүүнээс эхлээд төрийн сайд нь хүртэл  Хилийн боомтын талаар төрөөс баримтлах бодлого гэгчийг санаачлан боловсруулж, төрийн бодлогын хэмжээнд “Winsway” компанийн сурталчилгааг хийж явсныг түүх гэрчилнэ.

Нөгөөтэйгүүр, энэхүү зөв­шөөрлийг хэн, хэзээ олгосон нь одоо сонин биш. Харин нэгэн компанийн эрх ашгийг харгалзан үзэж, Үндэсний аюулгүй байдалдаа заналхийлүүлсэн байдлыг үр­гэлжлүүлж, айдас хүйдэс дунд амьдарсаар байх уу гэдгийг засгийн эрх барьж байгаа Ардчилсан намынхнаас асуумаар байна. Хууль бус эхлэл хууль бус үйлдлийг л төрүүлдэг.

 

Р.Сарангоо