Тавантолгойн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагчаар MCS тодорчээ
2016/12/23
-Үүний 34 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшихээр тохиролцож байгаа бололтой-
Б.ДАМДИН-ОЧИР
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн MCS группийн “Энержи Ресурс” ХХК, “Чайна Шинхуа Энержи” компани, “Сумитомо” корпорацитай уржигдраас хэлэлцээ хийж эхэлсэн. Энэ хэлэлцээ нь гэрээний нөхцлийг сайжруулж, санал, дүгнэлт боловсруулах зорилготой гэж Засгийн газраас мэдэгдэж байгаа.
Уржигдар буюу энэ сарын 21-нд эхэлсэн уулзалтад түншлэлийн гишүүд бүгд оролцжээ. Сануулахад, энэхүү түншлэл нь 2010 онд зарлагдаж, 2014 онд болсон сонгон шалгаруулалтад шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ, хэлэлцээ эцэслэн байгуулаагүй байсан юм.
Тухайн үед сонгон шалгаруулалтад “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Уг дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТЭЗҮ-д 2.2 тэрбум тонн гэж тооцжээ.
Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа Энержи” компани 49 хувийг эзэмших саналаа танилцуулжээ.
Мөн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байна. Тодорхой шаардлага хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьсан байна.
Төслийн хэрэгжилтэд Монголын компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй таваас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна.
Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамныхан мэдээлж байгаа.
Ийн хэлэлцээ эхэлсэн ч нэр нь гаралгүй, байнга яригдаж буй Монголын талын хөрөнгө оруулагч бий. Тэгвэл тэрхүү хөрөнгө оруулагчийн нэр хэдийнэ тодорчээ. Энэ талаарх баримт бидэнд олдсон юм. Энэ бол MCS группийн “Энержи ресурс корпорац” ажээ. Бидний олсон баримт нь “Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл юм. Үүнд зааснаар Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд нэгдсэн олборлолт, баяжуулалт, борлуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хариуцан ажиллах төслийн компанийн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч компанийн нийт гаргасан хувьцааны 34 хувьтай тэнцэх, энгийн хувьцаанд үл хөрвөх давуу эрхийн хувьцааг шинээр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой”-д үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм байна. Мөн энэ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хүчин төгөлдөр болж, уг гэрээг үйлчлэх хугацаанд хүчинтэй ажээ.
Түүнчлэн төслийн компаниас Монголын талын хөрөнгө оруулагч компаниуд хуваарилагдсан татварын дараах ногдол ашгаас компанийн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийн зардал, татвар хураамжийг төлж, арилжааны болон хувь нийлүүлэгчдийн зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа үлдсэн хэсгийг компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр ногдол ашиг болгон хуваарилах тохиолдолд хувь нийлүүлэгчид өөрийн өмчлөлийн хувьцаанд тэнцэх хэмжээгээр ногдол ашиг хүртэх бөгөөд холбогдох татвар хураамжийг зохих хуулийн дагуу суутгуулан төлнө гэж заажээ. Эндээс үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч “Энержи ресурс корпорац” компанийн хувьцаа эзэмшигч болж буй юм байна. Үүний ерөнхий нөхцөлийг бүрэн эхээр нь танилцуулъя.
үл мэдэгч · 2016/12/23
Монголын талын хөрөнгө оруулагч нь Энержи-ресурс гээд юу яриад байгаа юм болоо. Энэ чинь тэнэг хүн ч ойлгохоор ХЯТАД-ын компани шүү дээ.
bold · 2016/12/23
luivarchid