УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, “Женко” Х.Баттулга нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч мөнөөсөө мөн. 

Гэхдээ тэрээр өрсөлдөгч улс төрийн хүчин буюу МАН-ын гишүүдийн хэлж, ярьсныг дэмжиж “ярина” гэж ер үгүй. Тэгвэл өчигдөр тэрээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы “...Тавантолгой 500 саяын ашигтай байтал 400-хан сая доллараар зарж яах гээд байгаа юм” гэсэн гарчигтай www.eagle.mn сайтын мэдээллийг фэйсбүүк хуудастаа шэйрлэжээ.

 

Уржигдар болсон УИХ-ын Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм. Тэр үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “...Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль дээр ажилласан хүмүүсийн зүй ёсны хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж байгаарай. Хэлэлцэж буй хуулиуд дотор захиалгын шинжтэй төслүүд их орж ирдэг болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийг дурдаж болно. Мөн хуулийн төсөл дотор өөрт ашигтай зүйл заалт хавчуулах гэж оролдож байна. Хилийн бүсийн 100 орчим км-ийг хассан байсан. Үүнд хариулт өгөөч? Тавантолгойн асуудалд гэхэд Уул уурхайн яамнаас гэрээ байгуулаад байгаа юм биш үү. 2017 онд 500 сая ам.долларын ашигтай ажиллах байтал 49 хувийг нь 400-хан сая ам.доллараар зарж яах гээд байгаа юм. Нэгэнт баталсан гэрээг бид хүчингүй болгож чадахгүй болно” гэсэн байна.

 

Б.БАЯР