1980 оны Дархан хотын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний шүүгч "Одоо Чингүнжав, Амарсанаа хоёр барилдана" гэж зарлахыг сонсоод би дэргэд зогссон хотын бөхийн холбооны дарга, яруу найрагч О.Жадамбаа багшид:

-Аймаар юм болох нээ, дэвжээнээс холхон зогсоё гэхэд түүхэнд мөнхөрсөн хоёр баатрын нэрийг сонсоод намайг дамшиглаж байгааг анзаарсан багш маань:

-Чи энэ хоёрын барилдаанаас айж байгаа юм бол бүр гадаа л гарах болох нь дээ. Дараа нь Чингэс барилдана гэв. Аль наян онд шүү дээ. Би анх удаа Чингэс нэртэй залуугийн барилдахыг харж зогсохдоо "Ямар зориг зүрхтэй нь хүүхэддээ ийм нэр өгдөг байнаа" гэж тэр л нийгмийн бүтээгдэхүүнийхээ хувьд намын бодлого, үзэл суртлын дээвэр дор айж байсан сан.

 

Нэрт яруу найрагч Д.Пүрэвдорж Чингэс хааны тухай шүлэг бичээд арга хэмжээ авагдсан, Төмөр-Очир дарга Чингэс хааны ойг тэмдэглэх гэж санаархаад төрийн эсрэг гэмт хэрэгтнээр тодорсон гээд Чингэс гэдэг нэр аймшигтай сонсогдож байсан цаг үед үр хүүхдээ Чингэс гэж нэрийдэх нь мэдээж ховор, миний ойлгосноор зориг зүрхтэй хүний үйлдэл байсан биз ээ.

 

Эрт цагаас манай ард түмэн Чингэс гэдэг нэрийг тэнгэрийн нэр хэмээн хэлэхээс ч цээрлэж, хэн нэгнийг энэ нэрээр дуудах явдал ой тойнд нь огт байж болохгүй зүйл байсаар өнгөрсөн зуунтай золгожээ. "Чингэс хэмээх нэрийг хэлдэг хүн ч тусдаа, цөөхөн байсан" гэж билгүүн номч Б.Ринчин нэгэнтээ бичиж үлдээсэн байдаг Албан ёсны данс, тэмдэглэлийг сөхөж үзвэл өнгөрсөн зуунд Чингэс нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна.

 

Олон зуун жил хэн нэгнийг нэрлэлгүй хүндэтгэж, онголон шүтэж явсан энэ дагшин нэрийг улс үндэстэн нь тусгаар тогтнож, үндэсний үзэл цээжинд нь бадарч байсан ард түмэн өндийлгөх, мандуулах гэж хүссэн ч улаан хувьсгал, намын бодлого шийдвэрт сөргөөр нөлөөлөх аюултай байсан цагийн дор нухчин дарагдаад олон жил болсон тусгаар тогтнол, үндэсний үзлээ хамгаалах гэсэн нэгний тэмүүлэл, алсын мөрөөдлийнх нь илрэл байсан байж мэдэх юм.

 

1939 он гэхэд дахин нэг, дараагийн арван жилд гурав, 1960-1969 онд 23 гэхчлэн нэмэгдсээр 1999 онд гэхэд 123 хүүхэд Чингэс нэрийг авчээ. 2010 хүрэхэд 485 хүүхэд Чингэс нэртэй болсон байна. Үүнээс гадна Чингэсмягмар, Чингэсжав, Чингэснамжил, Оюунчингэс, Шинэчингэс.Наваанчингэс зэрэг нийлмэл нэртнүүд ч олон байна. Миний анхлан харсан, Дархан хотын унаган иргэн, хөөрхөн барилдчихдаг Э.Чингэс 1967 онд төрсөн юм билээ.



Эх сурвалж: “Соёмбо”