Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өнгөрсөн сараас эхлэн хэлэлцэж өчигдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хуулийг 2017 оны 02-р сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм. 

Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Харин чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогцолмаа, Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд бүрэлдэхүүнд нь орж ажиллажээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хийсэн юм.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн төсөлд тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зарчмын зөрүүтэй саналууд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын дагуу хураалгах саналуудыг тус тус бэлтгэсэн болохыг тэрбээр танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлахад, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийх явцад Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох санал оруулж ирсэн байсан ч хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж он дуусахад цөөн хоног үлдлээ, гэтэл хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэд хэдэн журам гаргах шаардлагатай юм байна, иймээс ажлын хэсэг хуулийн дагаж мөрдөх боломжит хугацааны талаар дахин ярилцаад саналаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн чиглэл өгөөд энэ талаархи санал хураалтыг түр хойшлуулсан юм. Иймээс Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.

Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах, мөн 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм. Мөн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.

Дараа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх зохицуулалтын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Ш.Раднаасэд, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар Байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2-87.5 хувийн саналаар дэмжигдэж хуулийн төслүүд батлагдлаа.

 Нийслэл хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 696 гэмт хэрэг үйлдэгдэж дээрх гэмт хэрэгт 645 иргэн өртөж хохирсон байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 584 буюу 90,5 хувь нь эмэгтэй хүн, 27 буюу 4.3 хувь нь хүүхэд, 34 буюу 5,2 хувь нь эрэгтэй хүн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн хэргийн 241 буюу 34,6 хувь нь согтуугаар, 38 буюу 5,4 хувь нь эмэгтэй хүн оролцож, 6 буюу 0,8 хувь нь бүлэглэн, 4 буюу 0,5 хувь нь гадаадын иргэд үйлдсэн байна. 

Гэр бүлийн хүчирхийлэл СХД-т ийм байдалтай байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгагдсан аж. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгагдсан. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж,  гэмт хэрэгт тооцож ял шийтгэх  зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь  даамжирахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна  хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтад давхар багтах боломж бүрдэх юм байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн зорилттой уялдуулан

  • хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
  • хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
  • хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
  • нууцлалыг хамгаалах;
  • салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд дараахь зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан байна. 

Хууль хэрэгжиж эхэлснээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. 

М.Мөнгөн