Төрүүлсэн нялх үрээ энэ тэнд хаях болсон тохиолдлууд энэ нийгэмд цөөнгүй гарах болсон. Өчигдөр ажлаа тарж явсан нэгэн залуу өөрийн амьдардаг байрныхаа орцноос өлгийтэй жаахан хүүхэд хягдсан байхыг олжээ. Тэрээр өөрийн нүүр номондоо "Ажил дээрээ жаахан суугаад оройтоод гэрлүүгээ харьж явтал орцонд жаахан хүүхэд уйлах чимээ гараад гайхаад харсан чинь өлгийтэй хүүхэд хүйтэн шалан дээр уйлаад сууж байх юм. Эргэн тойрон дээд доод давхраараа гарч үзлээ хүн байдаггүй ёстой шоконд орлоо. Ямар буруутай гэж ийм жаахан нялх амьтныг ийм байдалтай орхиж байгаа юм бэ. Цагдаад дуудлага өгөөд ирэхийг нь хүлээх зуураа өлгийг нь задлаж дулаацууллаа. Хөл гар нь мөс шиг хүйтэн болчихсон намайг ирэхээс өмнө удаан л байсан бололтой. Ямартай ч цагдаа нар холбогдох газар нь хүргэж өгнө. Эргээд мэдэгдэнэ гээд аваад явлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтээд гурав хоноход санаад үнэрлэмээр санагдаад хэцүү байхад яачихсан хүн гэхээрээ төрсөн үрээ орцны шалан дээр хаяад явдаг байна... Хэтэрхий жаахан болохоор сүү энтэр хамаагүй өгч чадсангүй. Дэмий л хамрыг нь хөөдөөд явууллаа /ийм байдалд орсон хүн хүүхдийг яах ёстой байдаг юм бол мэддэг хүн байвал тус болооч/" хэмээн бичжээ. "

 

Эрүүгийн хуулинд хүүхдээ орхиж хаясан эхэд хариуцлага тооцдог. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг юм. Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

 

www.unen.mn