“Эрдэнэт” үйлдвэр ОХУ-ын оны шилдэг татвар төлөгч боллоо
2013/11/01
Оросын Холбооны Улсын Төрийн Дум, Үйлдвэр хөгжүүлэх сангаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Оны шилдэг татвар төлөгч”-өөр тодрууллаа. Өргөмжлөлийг ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Федулов А.В, өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт “Уурхайчин” соёлын ордонд болсон Монгол-Оросын найрамдлын сарын хаалтын ажиллагааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаад гардуулав.
Энэ үеэр баярын хурал, хүндэтгэлийн концерт тоглолоо. Баярын хуралд аймгийн болон үйлдвэрийн удирдлагууд оролцож, үг хэллээ. Энэ өдөр “Уурхайчин” соёлын ордны Соёл олон түмний сектор 1978 оноос өнөөдрийг хүртэл тус ордноос “Эрдэнэт” үйлдвэрийн орос мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан соёл урлаг, чөлөөт цагийн үйл ажиллагаа, хоёр орны мэргэжилтнүүдийн найрамдалт харилцааны түүхэн цаг үеийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргасан юм. Мөн Найрамдал, хамтын ажиллагааны сарын ажлын хүрээнд явагдсан зохион бичлэг, гар зураг, орос дуу, шүлэг, ханын сонины уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Баярын концертод дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын болон Улаанбаатар хот дахь Оросын соёл шинжлэх ухааны төвийн уран бүтээлчид, орос дуу, бүжгийн уралдааны шилдгүүд уран бүтээлээ толилуулав. Улаан хивсний ёслолоор эхэлсэн найрамдлын сарын хаалтын ажиллагаа ийнхүү ёслол төгөлдөр боллоо.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх