Морь бус машин уралдуулцгаая
2013/03/04
Монголчууд таван хошуу малын нэг морийг уралдуулан шандасыг нь сорьдог. Үүгээрээ ч манайхан бахархдаг. Учир нь тэр олон километр давхих морины хоол ундыг тохируулж хурд шандсыг нь тааруулна гэдэг цэвэр монгол ухаан юм.
Тиймээс уяачид маань өөр хоорондоо өрсөлддөг байлаа. Гэвч одоо цагт морины уралдаан маань баячуудын өөр хооронд өрсөлдөх онцгой нэгэн учрал болж хувирав. Хаана л хурдан морь байна. Түүнийг мөнгө “цохин” худалдан авдаг тэд, морио уралдуулахдаа зурхайнаас бариа хүртэл “жийп” машинаар дагах нь үзэгч түмэнд морины уралдаан бус харин хэдэн мянган ам.долларын үнэтэй “жийп” машины уралдаан шиг санагдах болжээ.
Бүр хэн гэдэг хүний машин хамгийн түрүүнд явж байгааг нь сонирхдог болсон байна. Тэгэхээр шанадаст хурдан хүлгээ биш, гадаад улсад үйлдвэрлэсэн машины уралдааныг зохион байгуулцгаая. Тэгээд Морин спорт уяачдын холбоог халж, Гадаад машины хурд хүчийг шалгах хороо байгуулаад жилийн дөрвөн улирал уралдуулбал ямар вэ.
Манай улсад ч ашигтай. Дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлсэн “Тоёота”, “Лексус”, “Форд”, “Ниссан” гэх мэт компаниудтай гэрээ байгуулж одоо байгаа болон шинээр үйлдвэрлэх машинуудыг нь уралдуулж, хурд хүчийг соривол, ганц Монголчууд гэлтгүй дэлхийн бусад орны хүмүүс манай улсыг зорьж, уралдааныг нь үзэх нь лавтай. Тэгээд ч зогсохгүй машины уралдаан үзэхээр ирсэн гадаадын иргэдэд Монгол Улсаа сурталчлах боломж ч давхар нээгдчихнэ. Тэгэхээр манай улсын эдийн засаг, аялал жуулчлал тэр чинээгээр сайжраад явчихна.
Уг нь хурдан морь уралда¬хад машинаар дагахыг хориглосон байдаг. Учир нь уралдаж буй морьдыг машинаар дагаснаар морьд үргэж, бусгах, улмаар унаж яваа хүүхэд нь бэртэж гэмтэх шалтгаан болдог. Ийм ч учраас морийг машинаар дагахыг хориглосон. Гэвч мөнгөтэй л бол бүх юмыг хийж, бүтээж болдог нийгэм хойно хөрөнгөтэй баячууд ямар нэгэн аргаар дагачихдаг учраас энэхүү асуудлыг хориод ямар ч нэмэргүй гэдэг нь тодорхой. Тэгэхээр хоол ундыг нь хасаж, яс арьс болгон уралдуулдаг морьдынхоо ясыг амрааж, оронд машин уралдуулцгаая.
Ж.Баттуул