Монгол Улсын Засгийн газар “Таван Толгой” ордод хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлж эхэлсэн билээ. Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх 19 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсгийг Уул уурхайн сайд Ц.Дашдорж ахалж, дэд даргаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллаж буй. Ажлын хэсэг “Энержи Ресурс”, БНХАУ-ын "Чайна Шинхуа Энержи", Японы "Сумитомо" корпорацийн хамтарсан консерциумын  төлөөлөлтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн бөгөөд улмаар  12 сарын 21-нээс хэлэлцээр албан ёсоор эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үүрэг болгосны дагуу  ажлын хэсэг хөрөнгө оруулагч талд : "Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн "Эрдэнэс-Тавантолгой"- компанийн оролцоог зохистой төвшинд хангах,
 
2. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлт эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах,
 
3. Төсөл хэрэгжүүлэгчид олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дарааэкспортолно. Үүний тулд одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих шаардлагатай..
 
4. Төслийн хэрэгжүүлэгч, оператор компаниуд, төмөр зам болон ханган нийлүүлэлт зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд түвшинд хангаж оролцуулах." гэсэн шаардлагуудыг тавиад буй .
 
Хөрөнгө оруулагч тал ч эдгээр шаардлагад уян хатан хандахаа илэрхийлж буй гэнэ. Гэсэн ч Тавантолгой төсөл хөдлөх сургаар Монголын улс төрчдийн эсэргүүцэл, шүүмжлэлийн дайралт ч эхлээд байна. АН-ын дарга З.Энхболд шинэ жилийн үеэр дэвшүүлсэн мэндчилгээндээ: " МАН-ын явуулж байгаа бодлого үнэхээр ойлгомжгүй болж байгааг зөвхөн Тавантолгой дээр явуулж буй бодлогоос харж болно. Энэ ордтой холбоотой улс төр тойрсон үйл явцыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар Тавантолгойг зарахаар болж байх шиг байна. Үүний эсрэг бид тэмцэх болно." хэмээв.
 
 
Мөн МоАХ-ы дарга Х.Баттулга өөрийн албан ёсны сошиал хуудсуудаар Хятадуудад Тавантолгойг зарах нь гэсэн зохиомол, эх сурвалж нь тодорхой бус буюу бэлтгэгдсэн троллчдын хийсэн дэвэргэсэн мэдээллийг түгээж  эхэлжээ.  Мөн түүнийг зөвхөн Тавантолгойн хэлэлцээрийг гутаах, эсэргүүцэхэд  зориулсан мэдээлэл сурталчилгааны баг хүртэл бэлтгэсэн байж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна. Өөрөөр хэлбэл уг төслийг хөдөлгөхийн эсрэг байр суурийг сүүлийн хэдэн жил тасралтгүй баримталсан улс төрч  З.Энхболд, Х.Баттулга нар Тавантолгой төслийн шинэ хэлэлцээрийг мөн л эсэргүүцэж байна. Харин иргэд тэднийг дэмжих эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
 
 
Э.Мягмар
www.sonin.mn