Сонгуулийн ирц буурсаар байгаа нь үнэн.  Тэгвэл залуусыг сонгуульд нэр дэвших боломжийг нээлттэй болгосноор сонгуулийн ирц өснө гэж хэсэг бүлэг УИХ-ын гишүүд үзсэн бололтой. Тиймдээ ч УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ.  Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд Сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь залуу нэр дэвшигч байх бөгөөд үүнд 31 нас хүртэлх энэ хуульд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг ойлгоно гэж заажээ.  

Энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэн боловсруулсан бөгөөд уг төсөлтэй холбогдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж тайлбарлаж байна.  

Хуулийн төслийг баталснаар Монголын хүн амын дийлэнх олонхи болсон залуучуудын улстөрийн оролцоо бодитой бий болох, залуу үеийнхний хүсэл эрмэлзэл, хэрэгцээг тээсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрхзүйн орчин сайжирна. Залуучууд сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөх нөхцөл бүрдэж, сонгуулийн ирц сайжирснаар улстөрийн оролцооны болзошгүй хямралаас сэргийлнэ гэх мэтээр хууль санаачлагчид нэмж тайлбарлаж байсан. 
Үүгээр ч зогсохгүй хуулийн төсөл нь батлагдах л юм бол тэр өдрөөс нь эхлэн хэрэгжүүлэх санал гаргасан байх юм.

Одоогоор энэ бол санал төдий байгаа.  Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийднэ.  Хэрвээ хэлэлцэхгүй гэвэл  энэ санал санаачлага ажил хэрэг болохгүй. Харин Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар  хэлэлцэх нь зүйтэй гэж үзьэл Сонгуулийн тухай хуульд ингэж өөрчлөлт орох нь байна.  

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

 М.Мөнгөн