-Өмнийн говьд овоолсон шороо Монгол Улсын иргэн бүрт ногдох өр болж хувирсан-
Горбачевын үед зөвлөлтийн телевизээр “Наймаалж” гэдэг сицилийн мафийн тухай италийн олон ангит кино гарч, тухайн үед олон хүний сэтгэлд хоногшсон билээ. Наймаалжны олон хөл шиг Итали улсыг бүрхсэн мафийн сүлжээтэй эрэлхэг комиссар Каттани тэмцсээр байгаад амиа алдаж энэ кино дуусдаг билээ. Сайн зүйл заавал ялдаг байсан тухайн үеийн “социалист реализмын” кино урлагаар хүмүүжигдсэн бид сайн талын комиссар Каттани ялахгүй, мафи нь ялалт байгуулж тус кино дуусахад нэлээд гайхсан сэтгэлтэй үлдэж билээ. Гэтэл иймэрхүү зүйл манай улсад ердийн үзэгдэл боллоо.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд монголчууд бид Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээний асуудал юу болж дуусах бол гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сарын 24-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дээрх замыг барихаар бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар авч өмнийн говьд овоолсон шороо асгасан “Самсунг Си Энд Ти” компанийг дэгээнээс мулталж тоглоомын гадна гаргаснаа зарласан билээ. Мэдээж тус компанитай концессын гэрээ байгуулж ажил өгсөн хүмүүс нь УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нар. Тэгвэл эл хоёр эрхмийн хүмүүс одоо ч Зам, тээврийн хөгжлийн яаманд өндөр албан тушаал хашсан хэвээр буй юм. Угтаа бол бидэнд олон жил геополитикийн хичээл заасан Ё.Манлайбаяр нь сайдын зөвлөх болж, өмнөх Засгийн газрын үед төмөр зам, далайн тээврийн хэлтсийн даргын ажлыг гүйцэтгэж байсан Б.Артур нь Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдон ажиллаж байна. Ардчилсан засгийн үед төмөр замын асуудлыг гартаа атгаж байсан энэхүү хоёр эрхэм төрд нүүртэй гэдгээ харуулав уу. Аль эсвэл хэн нэгний түлхээсээр энэхүү албан тушаалд очив уу гэдэг нь нууц. Ийн хэлэхийн учир нь “Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар” гэсэн нэр нь хүртэл 2010 онд Х.Баттулга зам тээврийн салбарыг хариуцаж байх үедээ батлуулсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг ягштал биелүүлэх үүрэг хүлээж авсныг тод харуулж байна. Энэ бодлогоор бол аль хэдийн зургаан мянга орчим километр төмөр зам барьчихсан, Сайншандын аж үйлдвэрийн парктай болчихсон байх ёстой байлаа. Эдгээр асуудал бас л биднийг төмөр замын царигийн хэрүүлд татан оруулсан зүйл шүү дээ. Юу хэлэх байна вэ гэхээр Д.Ганбатын тэргүүлсэн яам нь энэ бодлогыг өөрчлөхгүй нь ойлгомжтой боллоо.



Бидний “хайртай Самсунг”

Эрхэм сайд Д.Ганбат нь “Самсунг Си энд Ти” компанитай байгуулсан гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсон гэдгээ зарлаж 49 хувийг нь хятадын Шенхуа компанид худалдах саналтай байгаа гэдгээ хэлсэн нь мэргэжлийн хүмүүсийг шоконд оруулж энэ асуудлыг дахин хөндөж яриулахаар болсон хэрэг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Иймээс дараагийн хөрөнгө оруулагчийг олохын тулд “Самсунг Си энд Ти” компанитай хамтарч ажиллах гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон гэдгээ мэдэгдсэн. Тус компани нөхцөл байдлыг ойлгоод хоёр тал гэрээгээ дүгнээд, хүчингүй болгосон” гэв. Тэгэхээр бидний ойлгож буйгаар Самсунг нь Монгол Улсын санхүүгийн байдлыг ойлгоод гэрээ цуцлах саналыг найрсагаар хүлээн авсан байна. Ёжилж хэлэхэд энэ том компани өчүүхэн бидний бодит байдлыг сайн ойлгож, нэг ёсны харж үзэж байна гэж ойлгогдож буй юм. Бодит байдал дээр үгүй дээ, эрхэм сайд аа.
Тэр өмнийн говьд овоолсон шороог бондын мөнгөөр хийсэн юм. Энд зарцуулсан мөнгө чинь Монгол Улсын иргэн бүрт ногдох өр болж хувирсан. Монгол Улс томоохон төслүүдээ урагшлуулж чадахгүй байгаа гол шалтгаан бол Тавантолгойн орд болон тэр төмөр замыг тойрсон асуудал. Энэ асуудлаар эрхэм сайд та бодит дүгнэлт хийж, болсон үйл явдалд улс төрийн дүгнэлт гаргаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн тавдугаар зүйлд заасан. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимуудыг баримтлан ажиллах нь зүйтэй бус уу? Самсунгтай холбоотой олон асуудал байдаг. Тухайлбал, Зам, тээврийн сайдаар А.Гансүх ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар “Энержи ресурс” компанийн “Самсунг” корпорацитай байгуулсан гэрээг шилжүүлж авсан гэж ташаа мэдээллийг олон нийтэд цацаж байсан.

“Самсунг” компани Таван толгойн орд газрыг эргэлтэнд оруулалгүй тэр чигээр нь гацаасан

Бодит байдлыг авч үзэхэд тухайн үед “Самсунг” корпораци нь “Энержи ресурс” компанид зөвхөн хийх ажлын үнийн саналыг өгсөн. Энэ тухай маш олон баримт байдаг. Уг ажлыг “Энержи ресурс”-аас авах гэж байх үед “Энержи ресурс рэйл” компаний захирал Д.Энхбаатар нь “МТЗ” ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга А.Зориг гэгчид “Самсунг” корпорацийг хэрхэн сонгосон тухай талаар “Тэр материалууд танайд бүрэн шилжсэн байгаа. Сонгон шалгаруултад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлүүд тохирч дуусах үед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хүлээлгэж өгсөн” гэж бичсэнээс үзэхэд гэрээ шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байсан тухайг бид өмнө нь баритмаар олон нийтэд хүргэж байсан. Энэхүү луйврын чанартай үйлдэл нь Таван толгойн орд газрыг эргэлтэд оруулалгүй тэр чигээр нь гацаасан бөгөөд бондны мөнгөнөөс 200 сая ам.доллар аваад тэр мөнгөөрөө шороо овоолж өнөөдөр бид түүнд нь зарцуулсан мөнгөний хүү төлөх болоод байгаа нь бодит үнэн.
Угтаа бол дэлхийн олон улсад ажиллаж ирсэн, хээл, хахуулийн асуудалд олонтаа орж байсан “Самсунг” корпораци нь юу гэж монголчууд бидэнд мэхлүүлэх билээ. Өөрсдийн толгой компани болох “Самсунг Си энд Ти” нь Монголд ажиллахдаа өөрсдийгөө бүхий л эрсдэлээс хамгаалж хавчуурга бий болгосон. Энэ нь “зургаан үсэгтэй компани” буюу "SCTECM" гэдэг Монголд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардагдах доод хэмжээ бүхий 100 мянган ам.долларын дүрмийн сантай компанид оршино.
Толгой компани нь "SCTECM" компанид 2012 оны аравдугаар сарын 1-ний өдөр олгосон итгэмжлийн хоёрдугаар зүйлд зааснаар “Компанийг төлөөлж төсөлтөй холбоотой аливаа ажил хэргийн асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулна. Харин санхүүгийн холбогдолтой мөн компанийн өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй” гэж заасан байдаг. Үндсэндээ санхүүгийн ямар ч хариуцлага хүлээх чадавхгүй аж ахуйн нэгж манай хамгийн том бүтээн байгуулалтыг гардан хийж байжээ гэсэн үг. Тэгээд ч зогсохгүй энэ "SCTECM" компани нь Хөшигтийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын ажлыг гүйцэтгэх төслийн удирдагч Сун Ён Ха гэгчид итгэмжлэл олгож бас нэг том бүтээн байгуулалтад оролцсон байна. Ингээд энэ мэт олон зохион байгуулалттай үйлдлээр "SCTECM" компаний захирал Жон Ёол Ли гэгч солонгосын иргэн буруутай болоод өнгөрөхөөр боллоо.
Яг үнэндээ МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, дангаараа Засгийн газар байгуулахад зам, тээврийн салбарт гарсан луйвар, хууль бус ажиллагаанд шинээр томилогдсон сайд нь улс төрийн дүгнэлт хийж, бүх зүйлийг цоо шинээр эхлүүлэх байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч талаар болж буй нь харамсалтай. Ямартай ч энэ онд Гашуунсухайтын төмөр замын 49 хувийг Шенхуад худалдана гэдэг том асуудал яригдах боллоо. Гэхдээ хэнд ч өгсөн "SCTECM" компаниас хийсэн ажлыг нь хүлээж авах ёстой. Хууль дүрмээрээ бол сайд нь биш хөндлөнгийн аудитын компани дүгнэлт гаргаж байж өмнөх хийсэн ажлыг нь хүлээн авах ёстой гэсэн үг. Уг нь Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Төмөртэйн төмөр замыг хүлээн авч байсан туршлагатай хүн гэдэг. Ямартай ч “Самсунг”-ийг дэгээнээс мултлах аргачлал ийнхүү амжилттай болж өнгөрлөө. Хэдийгээр энэ асуудал хэсэгтээ намжмал байгаа ч дахин яригдах нь тодорхой бололтой.

Эх сурвалж: