Улсын эдийн засгийн хэмжээг  дотоодод үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгээр хэмждэг билээ. Тэгвэл Монголын эдийн засаг 2016 онд 2009 оноос (ДНБ -1.9%) хойш анх удаа агшсан үзүүлэлттэй гарах нь.
 
Өөрөөр хэлбэл 2016 онд бид 2015 оноос бага хэмжээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэжээ. 2016 оны 2-3 хувийн агшилт (Голомт банкны эдийн засагчдын тооцоолол) бол 2012 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлийн үр дүн юм.
 
2017 онд биднийг юу хүлээж байна вэ?
 
2016 оны дүгнэлт
 
2016 онд 2 эерэг үйл явдал болсон юм. Нэгд нь Оюу Толгой төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт оны хагасаас эхлэж, 2016 он дуусахад хагас тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Цаашид 2020 он дуустал жил бүр ойролцоогоор 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Хоёрт нь нүүрсний үнэ гэнэт, огцом өсөв. Санаандгүй энэ явдлын дүнд дампуурлын ирмэг дээр байсан нүүрсний уурхайнууд маань сэргэж доллар орж ирж эхлэв.
 
Хэрэв дээрх хоёр үйл явдал болоогүй бол 2016 ба 2017 онуудад бүхэлдээ эдийн засгийн сүйрэл болж мэдэхээр нөхцөл байдалд бид байсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2016 онд сөрөг үйл явдлууд тохиолдсоны нэг нь Монгол улсын зээлжих зэрэглэл буурч Саа буюу жаанк (хог) шатлалд шилжив. Ингэснээр олон улсын нээлттэй зах зээлээс мөнгө босгох магадлал тун бүрхэг болж ирж байна. Үндсэндээ Монголын төрийн 2017 онд төлөх ёстой ХХХ долларыг хэн дахин санхүүжүүлэх нь тодорхойгүй байсаар 2016 он дууслаа. Олон улсын валютын сантай учраа ололцож дуусаагүй. Хятадууд Далай ламын айлчлалд эгдүүцэж бүх яриа хэлцлээ зогсоосон. Өөр гуравдагч санхүүжүүлэгч харагдахгүй байсаар 2016 он дуусч байна.
 
Дээрээс нь өнөөг хүртэл эдийн засагт нэмэр болж байсан хэрэглээ буурах төлөвтэй боллоо. Тухайлбал өрхийн орлого, зарлага 2014 оноос тасралтгүй буурч байгаа нь санаа зовоосон асуудал юм.
 
2017 он
 
2017 он Монгол улсын хувьд сорилттой жил байх болно. 2017 онд бид 680 орчим сая ам.долларын бондын төлбөр төлнө /ММС бондыг хассанаар/. Түүнчлэн 2018 оны эхэнд 500 сая ам.долларын Чингис бондын төлөлт бий. Ингээд зогсохгүй 15 тэрбум юаньтай тэнцэх Хятадын төв банктай хийсэн своп гэрээний хугацаа дуусч байгаа. Товчхон тайлбарлавал Хятадын төв банк Монголбанкинд юань өгч, оронд нь төгрөг авсан (нийт үнийн дүн нь 2.1 орчим ам.доллартай тэнцэнэ, своп гэрээний 1.6 тэрбум ам.долларыг нь хэрэгжүүлсэн) хэлцэлийн хугацаа дуусч бид одоо төгрөгөө буцаан авч юань төлөх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид энэ хэлцэлийг цааш нь заавал үргэлжлүүлж сунгах ёстой. Өөр арга байхгүй.
 
Гадаадад төлөх ёстой доллар, юанийг бид Монголбанкны валютын нөөцөөс төлдөг. Харин валютын нөөц нь гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт, гадаадаас авах зээл, экспортын орлогоор (бид нүүрс, зэсээ доллараар зарж доллар оруулж ирдэг) нэмэгдэж байдаг. Тэгэхээр 2017 оны төлбөрийн сорилтийг давахын тулд бид нэг бол зээлүүдээ сунгаж хойшлуулах, эсвэл шинээр зээл авахаас өөр аргагүй болоод байгаа юм.
 
Дунд болон урт хугацаандаа экспортын орлогоо нэмэгдүүлж, гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг өсгөх хэрэгтэй болно гэсэн үг.
 
Шинээр зээл авах нь Монгол улсад зээлдэгч нар хэр итгэл хүлээлгэх вэ. Нөгөө талаас зээлээр барьцаалж гадаад улс орон бидний эсрэг стратегийн давуу тал олж авах уу. Гэсэн асуултууд дунд эргэлдэнэ.
 
Голомт банкны эдийн засагч нар 2017 онд Монголын засгийн газар олон улсад төлөх ёстой өрөө 60 хувийн магадлалтайгаар хойшлуулж чадна гэсэн суурь таамаглал гаргаж байгаа юм. Нөгөө талаас бид нүүрс болон зэсийн үнийг өндөр төвшинд хадгалагдана гэж харж байна. Энэ тохиолдолд 2017 онд Монголын эдийн засаг 1.3 хувийн өсөлттэй байх бөгөөд долларын ханш одоогийн төвшинд (USDMNT 2400 – 2600) хадгалагдах боломжтой юм.
 
Харин экспортын орлого нэмэгдүүлэх тухайд бид нүүрсний үнэ өндөр байх үед (2010 – 2012) дотоодын хэрүүл маргаандаа дарагдаад олигтой экспортлож доллар олж ирж чадаагүй. Одоо харин нүүрсний үнэ эргээд өсч байгаа энэ үед маш шуурхай хөдлөх хэрэгтэйг бүгд ойлгосон байхаа. Нүүрсний үнэ өснө, бууна. Бид нөлөөлж чадахгүй.
 
Гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах гэхээсээ илүүтэй үргээх бодлогыг бүх төвшинд хэрэгжүүлж ирсний гайгаар Монгол улсыг одоо тоож зүглэх хүмүүс ховор болоод байгааг бид мэднэ. Бүх л засгийн газар хөрөнгө оруулалтыг татна гэж сүртэй мэдэгдэл хийдэг боловч тэр нь ажил болохгүй унадаг нь ч бас заншил болжээ.
 
Ингээд бүхэлд нь дүгнээд үзвэл 2017 он бол бид 2010-2011 оны үнийн хөөсрөл, түүнийг дагасан галзуурал, баярхал, аархал; 2012-2016 оны эдийн засгийн хүндрэл, мөнгө гуйсан тэнүүлчлэл зэргээсээ үндэстний хувьд хэр сургамж авсан бэ гэдгийг бодитойгоор харуулах, харах жил юм.
 
Өлзийбаярын Ганзориг