Найм хүртэлх насны хүүхдэд хориглодог Тетрациклиныг үнэгүй олгох эмийн жагсаалтад багтаасан нь зөв үү?
2017/01/07
Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон. Эдгээр 11 төрлийн эмийн нэр урьдчилсан байдлаар тодорхой болсон бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, болон дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг зонхилон багтаасан гэжээ.
Ингэхдээ найман эмийг амбулаториор, харин гурван эмийг стационараар олгохоор төлөвлөжээ. Эдгээр эмийг энэ сардаа багтаж үнэгүй олгож эхэлнэ гэж мэдээлж байна.
Гэхдээ эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй олгох хүүхдийн эмийн жагсаалт дотор өрхийн эмч нарын ханиад томууны үед бичиж өгдөг эм бараг алга. Тэр ч бүү хэл бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй гэсэн заалттай эм ч байгаа нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж байна.
Тухайлбал, Тетрациклин хэмээх нүдний тосон түрхлэгийг урьдчилсан жагсаалтад оруулжээ. Энэхүү тосон түрхлэгийг батга, стрептостафилодерми, хатигшил, уутанцрын үрэвсэл, халдвар авсан намарс зэрэг арьсны өвчнүүд, тэжээлгүйдлийн яршил ба бусад өвчнүүдэд хэрэглэнэ гэж emonos.mn сайтад бичсэн байна. Нянгийн өсөлт, үржлийг саатуулах үйлдэлтэй энэхүү тосон түрхлэгийг найм хүртэлх насны хүүхдэд хориглодог заалттай аж. Энэхүү түрхлэгийн идэвхтэй бодис нь шүдний паалангийн өнгөнд нөлөөлдөг бөгөөд ясны бүтэц хөгжиж буй үед өнгө нь өөрчлөгдвөл эргэж засах аргагүй болдог байна. Нярайд үүнийг хэрэглэх нь элэгний өөхлөлт буюу элгэнд өөхний эс хуримтлагдахад нөлөөлдөг гэнэ. Найм хүртэлх насны хүүхдэд хориотой энэхүү тосон түрхлэгийг тав хүртэлх насны хүүхдэд үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулж байхаар ядаж халуун бууруулах лааг багтаасан бол дээр байсан гэж зарим эцэг эхчүүд үзэж байна.
Түүнчлэн Мебендазол эмийг ханиад, томуунд хэрэглэдэггүй. Хялгасан хорхой (энтербиоз), хүж хорхой (аскаридоз), 12 хуруу гэдэсний тахир толгойт хорхой (анкилостомидоз), ташуур толгойт хорхой (трихоцефалез), трихинелл хорхой (трихинеллез), гахайн туузан хорхой (тениоз), элэгний бэтэгний хорхой (эхинококкоз), олон тооны дугираг хорхой, уушгины бэтэгний хорхойгоор (альвеококкоз) үүсгэгдсэн өвчнүүд, шимэгч хорхойн холимог халдвар, капилляриоз, гнатостомоз зэрэг өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ гэсэн заалттай юм байна. Мөн хоёр хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг хориглох заалттай аж. Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт нь давхар гэдэсний халдварт өвчинтэй хавсарч байгаа учраас гүйлгэлтийн эм, шингэн сэлбэх давс зэргийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулсан. Ингэхдээ олон улсын хүүхдийн оношилгоо, эмчилгээнд нэрлэдэг 10 төрлийн эмээс жагсаалтад сонгосон гэжээ. Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас жагсаалтад орсон эдгээр эмийг өөрчлөх боломжтой гэж мэдээлж байна. Тиймээс эдгээр ханиад томуунд бараг хэрэглэгдэхгүй эмийн оронд цэр шингэлэх АЦЦ, эсвэл үндэсний эмийн үйлдвэрүүдийн усан эмүүдийг оруулсан бол ядаж л хүүхдийнхээ ханиад, томууг хүндрүүлэхгүйгээр давж болно гэж эцэг эхчүүд ярьж байна.Эм авч чадахгүй удсаар хүүхдийнхээ ханиадыг хүндрүүлж байгаа олон эцэг эх байгаа. Гэхдээ үнэгүй юм гээд “гал унтраасан” байдлаар хандах бус, ядаж л өрх, дүүргийн эмчийн ханиаданд бичдэг эмийг багтаасан бол үнэхээр бодит ажил болохоор байна.