-Татан буугдах “хар жагсаалт”-д орчихоод байгаа Бразил дахь Монгол Улсын ЭСЯ бол Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газар. Бразил, Латин Америкт цөөхөн монголчууд аж төрдөг байж болох ч BRICS-т ач холбогдол өгч нэгэнт байгуулсан ЭСЯ-ыг татан буулгах нь оновчтой биш-


Монгол Улсын Ерөнхийлөгч “тэргүүн зэргийн дипломатч”. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна” “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох буюу эгүүлэн татна” гэж Ерөнхийлөгчийн чиг үүргийг хуульчилсан байдаг. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, гадаад улс орнуудтай харилцах Элчин сайд нарыг томилдог ганц субьект гэдэг утгаараа ажил үүрэгтэй нь хамгийн ойр салбар бол гадаад харилцаа, батлан хамгаалах.
Энэ цаг дор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамгийн их хамаарал бүхий, өөрийнх нь оролцоо өндөр салбарын өнөөдрийн хүрсэн амжилт, нөхцөл байдлыг шал дордуулах нэгэн тогтоолын төслийг Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр болоод байгаа нь зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах тухай юм. Засгийн газраас Индонези, Бразил дахь Монгол Улсын ЭСЯ-д, Японы Осака хот дахь Ерөнхий Консулын газар, БНХАУ-ын Хайлаар дахь Консулын газрыг зардал хэмнэх шалтгаанаар татан буулгахыг санал болгоод байгаа. Энэ асуудал Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед ноцтой байдлаар хөндөгдсөн.
Учир нь 12 дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын 35 хүүхдийн цэцэрлэгийн мөнгө болох 300 мянган ам.долларыг хаахаар төлөвлөж байгаа хоёр ЭСЯ, хоёр Консулын газрын хэмнэгдэх зардлаас нөхөхөөр тооцсонтой нь холбоотой.
Хуулийн төслийн танилцуулгад ингэж дурдчихаад зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгараад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Монгол Улсын гадаад харилцааны салбарт ямар ч хохирол учрахгүй ээ, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныхоо даалгаврыг л биелүүлж байгаа нь энэ” гэх мэтийн өрөвдмөөр тайлбар чуулганы танхимд хэлээд сууж байлаа. Дипломат ажилтнуудын хүүхдийн цэцэрлэгийн зардлыг олохын тулд татан буулгахаар болсон дипломат төлөөлөгчийн газрууд нь үнэндээ АН-ын угшилтай гурав, МҮАН-ын угшилтай нэг дипломатч толгойлж суудаг газрууд юм. Наанаа сүрхий хэмнэлт ярьж байгаа дүртэй боловч цаанаа намын угшил харж, гадаад харилцааны салбарынхны олон жилийн хөдөлмөрийн үр дүнд байгуулсан ЭСЯ, консулын газруудыг татан буулгах санаархал ч байж мэдэхээр.
Ямар ч тохиолдолд эдийн засгийн хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт татарсан, зээл тусламж царайчилсан манай улсад хоёр хөрш маань хүртэл ээлжлэн төмөр нүүр харуулж байгаа үед дээрх алхам нь гуравдагч орнуудтай харилцаагаа сайжруулах ёстойг мартсан, Монгол Улсын бүрэн эрхт, тусгаар байдлын баталгаа болсон бие даасан гадаад харилцаанд ухралт болох нь тодорхой юм.
Ийм байдалд Монгол Улсын Ерөнхийлөгч, манай улсын тэргүүн зэргийн дипломатч үнэлэлт, дүгнэлт хийж, Засгийн газрын санаархлыг тас цохиж чадах болов уу?
Татан буугдах хар жагсаалтад орчихоод байгаа Бразил дахь Монгол Улсын ЭСЯ бол Латин Америкийг тэр чигээр нь хариуцдаг газар. Бразил, Латин Америкт цөөхөн монголчууд аж төрдөг байж болох ч BRICS-т ач холбогдол өгч нэгэнт байгуулсан ЭСЯ-ыг татан буулгах нь оновчтой биш. Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ-ын хамтран байгуулсан BRICS бол манай дэлхийн хамгийн нөлөө бүхий улс гүрнүүдийн нэгдэл. BRICS-ийн гишүүн, Латин Америкийн хамгийн хүчирхэг улстай гадаад харилцаагаа өргөжүүлэх шаардлагагүй гэж ойлгогдохуйц үйлдэл үзүүлэх нь нөгөө талаараа НҮБ-ын тавцанд манай улстай холбоотой ямар нэгэн асуудал шийдэгдэх цагт Бразил болон Латин Америкийн орнуудын дэмжлэгийг авахад амаргүй болно гэсэн үг.
Индонезийн хувьд Зүүн Өмнөд Азийн арван орны нэгдсэн бүлэглэл болох АСЕАН (Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо)-ы төв оффис байрладаг, голлох улс.
АСЕАН-ы бүлэглэл бүс нутагтаа олон талт үйл ажиллагааг идэвхтэй явуулж ирсэн, эрчимтэй хөгжиж байгаа (эдгээр орны ДНБ-ий нийлбэр нь 737 тэрбум ам.доллар) учраас Азийн тэргүүлэгч орнууд БНХАУ, Япон болон БНСУ хүртэл АСЕАН-тай түншлэхийг тэмүүлж “АСЕАН+3” хэмээх томьёолол хүртэл бий болоод байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалтад онцгой ач холбогдол өгдөг манай орны хувьд АСЕАН бол түншлэлийн өргөн харилцаа тогтоохыг эрэлхийлэх учиртай том нэгдэл.
АСЕАН-ы гишүүн орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 онд 37,9 тэрбум доллар байсан бөгөөд 2010 онд хоёр нугалж 75,8 тэрбум болсон байна. 2016 оны эхний хагасын байдлаар АСЕАН-ы гишүүн орон болох Филиппин улсын жишээг харахад л холбооны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээс 40.5 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт энэ улс руу орсон байх юм.
Манай улс АСЕАН-тай хамтрахыг олон жил эрмэлзэж ирсэн. Энэ чармайлтыг ч үнэлж Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг 2014 оны наймдугаар сард АСЕАН-ын Гадаад хэргийн сайд нарын чуулганд урилгаар оролцуулж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕАН-ы талаар нэгэнтээ хэлсэн үгэндээ “Бид ЕРИА-гийн /АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн/ гишүүн орон болох зорилт тавьсан. Монгол-ЕРИА-гийн яриа хэлэлцээний дүнд тус байгууллагын удирдах зөвлөл Монголыг ЕРИА-гийн гишүүн болгох асуудлыг хэлэлцэнэ гэж үзэж байна. Азийн арван улсыг геополитикийн болоод эдийн засгийн холбоонд нэгтгэсэн байгууллагад элсэнэ гэдэг чухал амжилт юм” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.
Тэгвэл одоо манай Засгийн газар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэмнэлтийн даалгаврыг биелүүлэх нэрийдлээр Индонези дэх ЭСЯ-аа хаахаар зэхэж байна.
Бразил, Индонезийн хувьд ийм бол Японы Осака дахь Ерөнхий консулын газрыг татан буулгах төсөлтэй холбогдуулан япончууд “Танайх консулын газраа татан буулгах нь буруу. Эргэж харах хэрэгтэй юм шүү” гэж сануулжээ.
БНХАУ-ын Хайлаар дахь Консулын газрын хувьд манай урд хөршийн үйлдвэрлэл, бизнес эрхлэлт, аялал жуулчлал хурдтай цэцэглэн хөгжиж байгаа, Монголтой ойр залгаа бүс нутгийг хамаардаг. Ийм бүтцээс татгалзаж байгаа нь бас л цагаа олоогүй алхам.
Ц.Мөнх-Оргил сайдын хэлж буйгаар бол Осакаг Токиогоос хариуцчихна, харин Хайлаарт бол консулын агент гээд нэг хүн томилчих юм байх. Өөрөөр хэлбэл олон улсын үнэмлэхтэй нэг нөхөрт машин авч өгөөд л өнөөх нь жолоогоо барьж давхиад, орой нь дэн буудал хэсэж хоноглоод явж байх бололтой.
Манай эдийн засаг бэрхшээлтэй байгаа боловч ганц сая хүрэхгүй доллар жилд хэмнэхийн төлөө нэгэнт байгуулагдсан дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах нь нэг их мэргэн санаа биш байлтай. Удахгүй энэ асуудал УИХ-аар орж нэг тийш болно. УИХ-аар ярилцах үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарчмын байр сууриа илэрхийлэх эсэх нь анхаарал татаж байна.
Магадгүй Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын шийдвэрт хориг тавьж ч болох юм.

Эх сурвалж: