Олон улсын шинжээчдийн дунд сүүлийн жилүүдэд хэлэлцэгдэж байгаа асуудлын нэг бол яах аргагүй Дэлхийн III дайны эхлэл орж байгаа.

Турк-Сирийн хилийн нутгаар пуужингийн хамгаалалтын Пэтриот систем байрлуулах төлөвлөгөө нь дэлхийн шинэ дайны эхлэлийн талаарх хэлэлцүүлэгийг ихээхэн дэмжиж байгаа юм. Сири улсаас үзүүлж буй түрэмгийлэл нь пуужингийн хамгаалалтын систем байршуулахад хэрхэн нөлөө үзүүлж болохыг бодит байдлаар харуулж байгаа бөгөөд нэг ёсондоо Иран цөмийн хөтөлбөрөөс шалтгаалан энэ байдал хурцадна гэж зарим мэргэжилтнүүд буруутгаж байгаа аж.

Үй олноор нь устгах зэвсэг буюу цөмийн зэвсгийн асуудлаас хойш хүн төрөлхтөний хувь тавиланд III дайн эхэлнэ гэдэг нь тодорхой болсон гэж олон улсын мэргэжилтнүүд санал нэгдсэн. Ираны зэвсэгт хүчний штабын дарга Хасан Фироузабади саяхан хийсэн мэдэгдэлдээ “Турк-Сирийн хилийн орчмоор пуужингийн хамгаалалтын систем байрлуулахаар төлөвлөж байгаа нь дэлхийн шинэ дайныг эхлүүлж болох юм” гэж хатуухан мэдэгдсэн байна.

“Энэ үйл явдал нь Европ болон хүн төрөлхтөнд нийтээр нь муу үр дагавар авчирна. Пуужингийн хамгаалалтын систем нь дэлхийн газрын зургийн тэмдэглэлд хар толбо болно” гэж Ираны зэвсэгт хүчний штабын дарга тэмдэглэн хэлжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссений хэлснээр пуужингийн хамгаалалтын систем нь шаардлагагүй бол Туркийн нутагт тийм удаан байрлахгүй аж. Пуужингийн хамгаалалтын системийг Турк-Сирийн хилийн нутгийн 900 км нутагт тараан байрлуулахаар ярилцаж байгаа юм. Туркийн эрх баригчид 2012 оны 11 дүгээр сарын 21-нд НАТО-гоос Пэтриот систем байрлуулах тухай албан ёсны хүсэлт гаргасан байна. Харин 12 дугаар сарын 4-нд НАТО-гийн төлөөлөгчид Туркийн талын хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр тус улс Сириэс ирэх болзошгүй халдлагаас сэргийлэн энэ арга хэмжээг авахаар болсон бөгөөд хамгаалалтын системийг Малатая, Газиантеп гэсэн нутгийн зүүн өмнөд хэсгээр байрлуулахаар төлөвлөжээ. Харин тус хамгаалалтын удирдлагын төв нь Герман дахь НАТО-гийн баазад байрлах аж.

Пуужингийн хамгаалалтын энэ хэлэлцүүлэгийг Ираны талаас ихээхэн ажиглаж байгаа юм. Тиймээс буруу алхам гаргавал тэд өдөөн хатгасан үйлдэл гаргахад бэлэн байгаа гэж шинжээчид үзэж байна.
Олон улсын шинжээчид мөн өөр талаас нь тайлбар хийхдээ, пуужингийн хамгаалалтын системээр дамжуулан НАТО, АНУ-ын эрх баригчид Азийн бүс нутаг дахь ашиг сонирхолоо илэрхийлж байна. Түүнчлэн АНУ нь Сирийн дотоод мөргөлдөөнд оролцох сонирхолтой байгаагаа дээрх үйлдэлээр харж болно гэж үзжээ.

С.Отгон