-Микро автобус болон том оврын автобусны жолооч нарт нийт  жолооч нарынхаа өмнөөс нэг сайхан ухамсарын шанаа өгчихмөөр санагдаад байдаг юм.-

Нийслэл хотын 1,5 сая хүний 60 хувь нь өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр тогтмол үйлчлүүлдэг. Харамсалтай нь тэдгээр иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээврийн  том оврын автобусны жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой оролцох ухамсар, харьцааны соёл даанч алга. Эгнээ байраа буруу эзэлнэ, хүн биш мах ачсан юм шиг хурдална, шахна, хөөрхий эмэгтэй жолооч нарыг элэг барина.  Өдөр бүр ийм байдал  гаргагчид нь автобусны жолооч нар. Олон нийтийг түгжрэлгүй саадгүй ажил, гэрт нь хүргэж өгөө гээд  бүхэл бүтэн түгжирэлгүй нэг  эгнээ гаргаж өгчихөөд байхад суудлын автомашинуудтай зэрэгцэн хоёр  болон гурав дугаар эгнээгээр дайрна. Уулзварт ойртсон тохиолдлыг энд огт дурсаагүй болно. Ингээд уулзвар дээр эгнээ байраа буруу эзэлчихээд давхар эргэдэг. Ингэхдээ давхар эргэж байгаа машины жолооч нь эмэгтэй хүн байвал “А-Я”-ийн хоорондох ихэнх хараалыг урсгана. Харин эрэгтэй хүн байвал  нэг их юм ярихгүй өнгөрдөг.  Зам түгжирч байвал  зогсоолдоо орж зогсохгүй, хоёр болон гуравдугаар эгнээнг таглан хөндлөн зогсож, зорчигчдоо буулгаж суулгана.  Энэ бол зөвхөн  хажуунаас нь харж байхад л анзаарагдсан дутагдал.

Харин автобусанд суугаад явбал бас л эвгүй дээ. Чихцэлдэж ядаж байхад  хүмүүсээ урагшаа нь шпорт шиг шахах гээд л жолооч нь тормослоно.  Зорчигч унасан тохиолдолд хохь нь болоод л өнгөрдөг. Автобус барьж байхдаа тамхи татна, самар чөмнө. Зорчигчдийг болиоч гэж шаардлага тавихад  жолооч нар үгийг нь сонссон ч эс тооно.  Жолоо барьж байхдаа уулзвар дээр давхар эргэхдээ утсаараа ярина.  Өнөөх нь нэг их ач холбогдолтой ч яриа биш. Хүүхэн эргүүлээстэй. Дээрээс нь техникийн бүрэн бүтэн байдал болоод аюулгүй ажиллагаа хангалттай хийгдэж чадахгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна. Зорчигч сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлнэ, хаалгандаа хавчина.Энэ мэтээр маш олон алдаа дутагдал гарч байгаа.

Өнөөдөр  автобус барьж байгаа жолооч нарт  Нийтийн тээврийн газраас мэргэшсэн жолоочийн сургалтад суусан, нийтийн тээвэрт 3-5 жил ажилласан байх гэсэн шалгуур тавьдаг ажээ. Үүнийг хэн л бол хэн  танилдаа 100 000 төгрөг өгөөд л  биелүүлчихнэ. Ийм инээдтэй шаардлагаа уг нь чангатгачихмаар байгаа юм.  Яг өмнөх шигээ...  Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар уг нь хамгийн шилдгүүд байх ёстой. Өмнө нь автобусны жолооч нар  2-5 жил хүртэлхи хугацаанд дадлагажаад, шалгалт өгч тэнцсэний дараа  автобус барих эрхтэй болдог байсан. Өөрөөр хэлбэл  хүүхэд горшонкон дээрээ”хүндэрч” байхад ямар ч асуудалгүй явж байх ёстой гэдгийг л заадаг байсан.  

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн бие­лүүлж байгаад өдөр тутам  Замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажилладаг ажээ. Зам тээврийн зөрчилд нийтийн тээврийн хэрэг­сэл холбогдсон тохиолдол бүрт дахин зам тээврийн осол хэрэг  гаргахгүй байх талаар албан мэдэгдэл өгч байгууллагад нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.7-д заасны дагуу арга хэмжээ авдаг байна. Шаардлагатай то­хиол­долд бааз байгууллага дээр нь очиж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар сургалт зохион байгуулдаг гэнэ.  Харин байгууллагаас нь хүний амь настай холбоогүй осол гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан жолоочийг дээд тал нь 30-хан мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг байх юм.

Ийм байхад ямар жолооч ухамсарлаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, нийтийг аюулгүй тээврэлх юм бэ?

Болдогсон бол  болон том оврын автобусны жолооч нарт нийт  жолооч нарынхаа өмнөөс нэг сайхан ухамсарын шанаа өгчихмөөр санагдаад байдаг юм.

А.Баярмаа