АН-ын даргад нэр дэвшигчид эх орноо тойрох зуур З.Энхболд ялагдлын гогцоо тайлж сууна уу
2017/01/16
Ардчилсан намын даргыг тодруулах сонгууль болоход 13 хоног үлдсэн бөгөөд нэр дэвшигчид нь эх орноо бүтэн тойрч, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж яваа.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нарт өнөөгийн дарга З.Энхболд багцалсан сум өгч, “2020 оны амжилт өнөөдрөөс эхэлнэ. Хариуцлагатай байгаарай. Хэн нь ч ялсан, хэн нь ч ялагдсан ялсан даргадаа амжилт хүсээд хамтран ажиллаарай. Эвтэй байгаарай” хэмээн захиж байсан нь саяхан.
Гэтэл мань хүн өөрөө тэднийг “эзгүй” хойгуур, ёстой л ар хударгаар нь намын нэг нөхрөө гэнэт “таньж”, өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаанаа мэдэрсэн шиг ээ сууж байгаа бололтой.
Учир нь, саяхан тус намын лидерүүдийн нэг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрбээр ярилцлагадаа “З.Энхболд над руу яагаад над руу дайрсныг мэдэхгүй. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр Тавантолгойг MCS-д өгөх гээд байсан гэсэн тайлбарыг хэлсэн байна лээ. Би бол З.Энхболдыг хэтэрхий гэнэн, харалган байна гэж харж байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон шүү дээ. Би З.Энхболдыг сайн мэднэ. ҮАБЗ дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд гурав суугаад Тавантолгойг ийм байдлаар хөдөлгөе гээд зарчмыг нь баталчихсан шүү дээ. Тэр зарчмын дагуу л дараагийн Засгийн газар төслөө боловсруулаад ирсэн. Тэр үед би З.Энхболдоос асуусан юм. “Та нарын ҮАБЗ дээр ярьсны чинь дагуу бид төслөө боловсруулаад ирлээ, чи тэгээд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ” гэсэн чинь З.Энхболд “Тухайн үед би дан ганц УИХ-ын дарга байсан. Одоо бол намын дарга болсон. Тийм учраас улс төрийн асуудлаар энэ төслийг дэмжиж чадахгүй” гэж хэлсэн л дээ. Магадгүй З.Энхболд тэр үед сонгуулиа бодож байсан байж болно. Тэгэхдээ үр дүнг нь хар л даа. Манай нам навс ялагдсан шүү дээ. Тэгэхээр түүний хараа, гаргалгаа нь буруу байсан гэсэн үг. Тэгээд одоо Ч.Сайханбилэг бид хоёрыг Тавантолгойг нэг компанид өгөх гээд байсан юм шиг үлгэр зохиож яриад байгаа нь утгагүй л дээ...”, “...Ерэн оноос хойшх Ардчилсан намын ялагдал болгоныг дүгнээд үзэхэд бид эв нэгдэлгүй үедээ ялагддаг юм байна. Ардчилсан Нам хэзээ ялж байсан юм бэ гэвэл дандаа эв нэгдэлтэй байхдаа ялж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад “Энэ бол манай ялагдлын эхлэл шүү” гэдгийг би сануулж байсан. Олонх байж өөрийнхөө Засгийн газрыг бид өөрсдөө л огцруулсан шүү дээ. Одоо тэгээд хүмүүсийг төөрөгдүүлээд энэ бол Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроос болсон гэж зарим нэг хүн тайлбарлах гэж оролдож байна л даа. Огцорсон хүн нь хүртэл өөрөө тэгж бодож байна. Хэн, хэн эсрэг санал өгсөн, хэн, хэн хуралдаа ирээгүй вэ гэдэг ил тод байсан шүү дээ. Ямар ч хүн ойлгохоор тодорхой асуудал. Үүний дараа АН-ын дотор итгэлцэл байхгүй болсон. Аль болохоор фракцаараа талцаад ажлыг нь явуулахгүй байх, чөдөр тушаа болохыг л оролдож эхэлсэн. Дээр нь бидний эв нэгдэлгүйг нь далимдуулаад хов хутгадаг хүмүүс манай намд олон болсон. Ер нь бол алдааг бусад хүнээс хайж байгаа бол алдааныхаа мөн чанарыг олоогүй байна гэсэн үг. Би тэгэхлээр юу хэлэх вэ гэхээр Ардчилсан намын ялагдалд АН-ын шийдвэр гаргагч болгон буруутай. Би ч буруутай, Н.Алтанхуяг ч буруутай, З.Энхболд ч буруутай, Х.Баттулга ч буруутай. Яагаад гэвэл бид намынхаа эв нэгдлийг хангаж чадаагүй нь бидний алдаа. Ийм нөхцөл дунд бид сонгуульд орсон, тэгээд сонгогчид өөрсдөө дүнгээ тавьсан...” хэмээн ярьсан.
Ийн ярьсан нь намын эрхэм даргын уур, бухимдлыг ихэд өдөөсөн бололтой, мань хүн ч өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Уг нь намаа шинэчлэхийн тулд бүртгэлээ хүртэл шинэчилж, 176 мянган гишүүнтэй болохоо батлаад байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь ердөө л Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу юм биш байгаа гэх сэтгэгдлийг ч төрүүлээд амжив. Учир нь намын лидерүүд нь аль хэдийнэ буруугаа тодорхойлж, буруутнаа олон дараагийн алхмаа хийж, зорилт дэвшүүлэн, түүнийхээ төлөө бодлогоо боловсруулж “хөдөлж” байх ёстой атал өдгөө хэнээс болж ялагдалд хүрснээ ч мэдэхгүй биес рүүгээ чихэж сууна. Аргагүй л дотоод фракциудаасаа болж хөл, толгойгоо олдоггүй гэдгээ батлах мэт ялагдлын гогцоо нь тайлахад нэлээд бэрхтэйгээр үргэлжилснийг ийн лидерүүд нь биесээ “мөлжин” тайлах бололтой.