Энхийн цагаан тагтаа болж эргэн ирсэн
2017/01/16
“Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг” гэж үг бий. Үүн шиг намынхаа бодлого тодорхойлох, шинэчлэлийн тэргүүн эгнээнд жагсах уриа лоозон бүхий фракц 2012 оны хоёрдугаар сард АН-д мэндэлсэн нь “Шонхор” байв.
Шинэ фракц өдлөх, жигүүр ургах нь АН-д байдаг эрүүл үзэгдэл ч (өөрсдийнх нь тайлбарладгаар) Ардчилсан хүчний холбоо малгайн дор явсан З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарын гишүүд албан ёсоор фракц байгуулж намдаа “өрх тусгаарласан” нь энэ байлаа. Үүсгэн байгуулагч С.Эрдэнэ гишүүний тайлбарласнаар АНУ, Японы Бүгд найрамдах намынхан өөрсөдтэйгөө жишдэг “Шонхор”-ын монгол хувилбар тэр үед албан тушаалын төлөө гэсэн ганцхан зорилготой байсан нь сонгуулийн дараа ил болсон юм.
Учир нь 2012 оны сонгуульд АН олуулаа болоход фракцын тэргүүн З.Энхболд УИХ-ын даргын сэнтийд заларч, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар Засгийн газрын гишүүн болж “давхар дээл” нөмөрч байлаа шүү дээ. АН шиг олон намын нэгдэл, түүн дотроо фракцын зохион байгуулалтаар бялуу хуваалт явдаг улс төрийн хүчнээс отгон фракц нь ийм хэмжээний зүсэм хуваарилуулж чадсан нь тухайн үедээ том амжилт байсан юм. Гэвч эрх мэдлийн энэхүү хуваарилалт “Шонхор”-ынхонд чамлалттай байсан нь Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг УИХ-аар дэнслэхэд илүү тодорч байв.
Өдрөөс өдөрт нам доторх, хүрээллээ тэлж явсан тэд сөрөг хүчин МАН-ын өрнүүлсэн акцад дөрөөлж, өөрсдийн Засгийн газрыг түлхэн унагаасан нь гурван жилийн өмнөх үйл явдал. З.Энхболд ч нам доторх фракц улс төрийн хүрээнд чухам ямархан нөлөө үзүүлж болдгийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, “Шонхор”-ын харьяалалтай С.Эрдэнэ, Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Одонтуяа нарын зургаан гишүүнийг санал хураалтад зориуд оролцуулахгүйгээр Засгийн газраа өөрсдөө дөмөгхөн унагаасан билээ. Үр дүнд нь хэн хожив, Ч.Сайханбилэгийн танхимд сайдаар очсон хоёрдугаар ээлжийнхэн л хожсон. З.Энхболд АН-ын даргыг давхар хавсарч, С.Эрдэнэ сайдын суудалтайгаа үлдэж, Д.Ганхуягийн оронд Г.Баярсайханыг сайд болгосон гээд “Шонхор”-ынхонд л ашигтай туссанаас өөрөөр хэн ч хожоогүй.
Эсрэгээрээ АН-ын дотоод зөрчил савнаасаа хальж, үл ойлголцол дунд явсаар сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард болж өнгөрсөн АН-ын VI Их хурлын төлөөлөгчид дуу нэггэйгээр хүлээн зөвшөөрч, намаа ялагдуулсан хүмүүст хариуцлага тооцох талаар ярьсан ч тэгсхийгээд намжсан билээ. Юу үнэн гэвэл энэ үнэн. Хачирхалтай нь, нэгэн цагт намаа “шонхор”-дож явсаар ялагдалд хүргэж бүр гудамжинд гаргасан тэдгээр Эрхмүүд өдгөө энхийн цагаан тагтааны дүрээр АН-ыг шинэчлэхээр хашгирч эхлэв. Тэр нь С.Эрдэнэ. УИХ дахь АН-ын бүлгийн даргын албатай тэрбээр АН-ын дараагийн даргад сунгаанд өрсөлдөж яваа таван нэр дэвшигчийн нэгээр тодроод буй.
Хувь хүнийхээ хувьд болон улстөрч талаасаа С.Эрдэнэ бол яах аргагүй олон жилийн турш АН-д зүтгэсэн нэгэн. Гэхдээ улс төрийн хүрээнд бол тэр намын хэмжээний, улс орны төвшний гэхээсээ Баянгол дүүргийн хэмжээнд л танил. Яагаад ч юм түүнээс нам нэгтнүүд нь хүртэл жийрхдэг, бас эмээдэг. Зарим нь түүнийг санасандаа хүрэхийн тулд бохир арга хэрэглэхээс ч буцдаггүй гэж нэрийдэх нь бий. Магадгүй С.Эрдэнийн өнгөрснөөс өнөөдрийг хүртэл бий болгосон улс төрийн идеал нь ийм хэмжээнд хүргэсэн байж болох. Харин С.Эрдэнэ өөрийгөө намын даргад өрсөлдөх боломжтой хэмээн үзсэн хэдий ч нам дотроо дэмжлэг муутай яваа нь үүний илрэл. Энэ нь З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракц, С.Эрдэнийг түүнээс ялгаж харах боломжгүйтэй холбоотой байж мэдэх. Үнэхээр ч С.Эрдэнэгүй “Шонхор”, “Шонхоргүй” С.Эрдэнэ АН-ын өрөг дээр хүссэн нүүдлээ хийхэд бэрх. Хооронд нь салгаж болохооргүй ийм хоршлоор С.Эрдэнэ хийгээд “Шонхор”-ынхон АН-ын бодлогыг зангидахын хэрээр “амттай” бүхнийг нь сорчлон түүж явсан нь ердөө л жилийн өмнөх үйл явдал.
Гэхдээ улс төрийн хүчин ялангуяа АН шиг дотооддоо зөрчилтэй, чөлөөт ардчилалтай гэгддэг нам нэг хүний, тэр дундаа нэг фракцын хайрцагт орохоор ямар үр дүнд хүрдгийг өнгөрсөн сонгуулийн үйл явц бэлхнээ харуулсан. Тиймдээ ч найман жил товлоогүй Их хурлаа зарлаж, хуралдуулж намдаа, удирдлагын бүтэцдээ салхи оруулж эхлэх нь өнөөгийн намын даргын сунгаа болох учиртайг хүн бүр хэлж буй. Гэвч ардчиллын буянаар амттай шимтэй бүхнийг нь сорчилж ирсэн өнөөх л хуучин кадр нь эрх мэдлээ алдахгүйн тулд намын даргын сунгаанд хүч үзэх болсон нь С.Эрдэнийг, “Шонхор” фракцыг муухай харагдуулж байна.
Энэ тухайгаа нэр дэвшигч С.Эрдэнэ “Эв нэгдэлгүйгээсээ болж бид олон алдаа гаргасан. Өнөөдөр фракцгүй боллоо гэж зарлангуут фракц алга болчихгүй. Үзэл санааныхаа тугийг босгож, түүнийгээ тойрон хүрээлж, итгэл үнэмшилтэй байвал нам фракцгүй болно. 1990 онд бид фракцгүй л байсан шүү дээ. Тэр үед бидэнд итгэл үнэмшил, эрх чөлөөний төлөөх үнэт зүйл байсан. Өнөөдөр улсын хэмжээнд өрнөж байгаа Ардчилсан намын даргын сонгууль ч бас фракцгүй болохын эхлэл. Цөөн хүнээс биш бүх гишүүдээсээ сонгогдсон дарга бол хүчирхэг удирдагч байж чадна” хэмээн тайлбарлав. Цаг хугацааны хувьд өөр байж болох ч С.Эрдэнэ гишүүний энэхүү мэдэгдэл өнөөх л хуучны танил үг.
Тодруулбал, З.Энхболд АН-ын дарга болсныхоо дараа ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын хурлын үеэр АН-ыг фракцгүй болгож буйгаа мэдэгдсэн. Тэрбээр “Энэхүү хүсэлтийг биелүүлэх нь Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэг, бүх шатны намын байгууллагын үүрэг гэж бид үзэж байна. Ийм учраас өнөөдрөөс эхлэн фракцгүй АН болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн фракцгүй АН-ыг манай нам доторхи фракцын удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол Улсынхаа төлөө зүтгэх ганц “фракц”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна” хэмээн тунхаглаж байлаа. Хачирхалтай нь, АН-ын даргын энэхүү мэдэгдэл ажил хэрэг болох нь байтугай намынхаа дотоод зөрчилд дарагдсаар замхарсан билээ.
Гэвч АН-ын дарга нь хүчтэй, зангарагтай, бяртай байх үедээ хийж чадаагүй үйл хэргийг С.Эрдэнэ гишүүн шүүрч аваад хэрэгжүүлэх нь мөн эргэлзээтэй. Хачирхалтай нь, З.Энхболд хийгээд С.Эрдэнийн энэ удаад дэглэсэн ээлжит жүжиг нь энхийн цагаан тагтаа болон эргэн ирэх байсан бололтой.
Гэхдээ асууцлыг яаж ч өөрсдөөсөө холдуулсан, гоё сайхан юм ярилаа гээд өнөөх л “Шонхор”-ынхон шонхорддог” гэсэн муу нэр томъёо нь С.Эрдэнээс салахгүй гэдгийг эрхбиш мэдэж баймаар. Гишүүд дэмжигчид нь ч тэднийг ийм л дүр төрхтэйгөөр харж байгаа. Муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг нь энэ байх даа. Угтаа бол АН-ыг ялагдуулсныхаа хариуцлагыг хүлээж байна гээд хэн хэн нь алдаагаа хүлээн зөвшөөрсөн бол харин ч гоё харагдах байлаа. ‘Тулаанд зөвхөн шонхорууд л нисдэг” хэмээх үгийн агуулга ч АН-ын шинэчлэл хариуцлагаас эхэлж байна гэсэн тэдний үйлдлээр тодрох байв. Гэвч хариуцлага хүлээхээс илүүтэй албан тушаалын төлөө амь тавьж буй нь “Шонхор”-уудыг шонхор бус шоргоолжноос ч жижигхэн харагдуулж эхэллээ.
С.СҮЛД
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/