2016 оны 9 сарын 12-нд Монгол Улсын Баатар, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийлгэж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан тухайгаа зарлаад, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн билээ. Тодруулбал тэрээр : "Өнөөдөр намайг С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн гэх хэрэгт намайг яллагдагчаар татаад байна.Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би прокурорт  шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.
 
Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа.
 
Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна. С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг  шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг.
 
Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон үс, цусны харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг яллагдагчаар татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй" хэмээсэн юм.
 
 Энэ мэдээллийг ч баталж, хяналтын прокурор Б.Батжаргал:  " С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй.
Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа.
Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвсэлээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.
Ер нь бол олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нилээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй." хэмээн 9 сарын 15-нд  УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Отгончимэгийн бэлтгэн,  Улсын Ерөнхий Прокурорын албан ёсны сайтад нийтлэгдсэн ярилцлагадаа өгүүлж байв.
 
 
Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлэн, шийдвэрлэх үед мөнөөх яллагдагч гэх Э.Бат-Үүл огт сураггүй болсон юм. Хэдийгээр хуулийн хувьд маш их эргэлзээтэй ч  Э.Бат-Үүл уг хэрэгт холбогдолгүй  болсон тул прокурор түүнийг шүүхэд шилжүүлээгүй байж болно.
 
Гэхдээ Б.Амгаланбаатар,Т.Чимгээ,Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн хэрэгт яллан шүүн хэлэлцэх үед ч,  шүүхийн шийдвэр гарсны дараа ч тэр ердөө  хэдхэн сарын өмнө л  С.Зоригийн хэрэгтэй холбоотой хэлмэгдүүлэлтийн эсрэг, ардчилал,  шударга шүүх, хүний эрхийн төлөө цогтой тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл огт сураггүй болсон нь харамсалтай. Уг нь тэрээр өөрөө С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдангуутаа : " Ямар ч байсан миний зүгээс, намайг мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу явуулах хүртэл хорьсон ч, залхаасан ч мэдүүлэг өгөхгүй. Би хуулиа нэхнэ. Хуулиа нэхээд зогсохгүй бас хууль завхруулагчидтай хариуцлага ярина. Хуулийг зогсоож, ардчиллыг булшлан Тиран тогтоохыг хүсэгчидтэй би тэмцэх болно." гэх сүржин мэдэгдлийг хийж байв.
 
 
Харамсалтай нь тэрээр өөрөө С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдахаа болимогц  уг хэрэгт шалгагдаж буй  бусад хүмүүсийн эрх, хуулийн засаглалын төлөөх шударга тэмцэл гэгчээ огт ярихаа больжээ.
 
Ингэхэд Э.Бат-Үүл ер нь хаачихав аа?
 
П.Энхмандах
sonin.mn