С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болж сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ буюу чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон билээ.

Гэвч С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан хүмүүс С.Зоригоос гадна дөрвөн хүний аминд хүрсэн гэх мэдээллийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өгсөн. Энэ үг олны анхаарлыг онцгой татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн бололтой. Бүр тодруулбал, дөрөвдөгч этгээд бол захиалагч талын бие хамгаалагч залуу байсан хэмээн таамаглаад буй. Бие хамгаалагч хэмээх залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн хаалттай болсон шүүх хурлаар үзжээ. Тодруулбал, арваад жилийн өмнө 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан хэрэг гарч байжээ. Тус сумын иргэн О-гийн гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр иргэн О-гийн эхнэр М-ийн төрсөн өдөр болжээ. 22:00 цагийн орчимд О хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж, эхнэртээ хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай орхисон нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын дүгнэлтэд дурдсан байжээ. Тухайн үед шатаж нас барсан иргэний ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-гийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМЭГЭЭ НАРЫН ХАМСААТАН ХЭМЭЭХ Б.ОТГОНБААТАР ГЭГЧХЭН БЭ

Нас барсан О буюу Б.Отгонбаатар гэгч нэр бүхий улстөрч агсны хувийн бие хамгаалагч байсан учир ийн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байгаа. Талийгаач Б.Отгонбаатар 1978 онд Эрдэнэт хотод төрсөн. 1994 онд Орхон аймгийн III найман жилийн дунд сургуулийг төгссөн, дунд боловсролтой хүн гэнэ. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэр, хоёр хүүхэд болон төрсөн ээж С-ийн хамт амьдардаг байсан аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Отгонбаатар нь нутгаасаа гарч байгаагүй бөгөөд бие хамгаалагч гэхэд харьцангуй намхан нуруутай нэгэн байжээ. Бие хамгаалагчийн заавал эзэмшсэн байх бие хамгаалах спортоор хичээллэж байсан эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Ер нь бол нэн бүрхэг намтартай нэгэн гэж болно. Зарим эх сурвалж Б.Отгонбаатарыг бие хамгаалагч байсан гэхэд нь эргэлзэж байгаа юм билээ. Хэн нэгэн том улстөрч, бизнесмэний аюулгүй байдлыг хангаж байгаа итгэлт хүн нь хэзээ ч гэр хорооллын хэмжээнд дорой амьдардаггүй. Нийгмийн асуудлаа бүрэн шийдсэн байдаг. Харин Б.Отгонбаатар нь гэрт, тодорхой ажилгүй, зах хавиар хааяа нэг түүхий эд авч харагддаг байсан нь хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдаж амьдралдаа нэмэр болдог байсныг гэрчилж байх шиг. Энэ мэтээр түүний тухай батлагдаж, нотлогдоогүй мэдээллүүд мэр сэр байна. Тэрээр олон хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд ээж нь одоо ч байдаг гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний бие нь тааруу эмнэлэгт байгаа бололтой.

Ц.Өлзийжаргал: АМ ЗУРАГ ЯАЖ ГАРСАН БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ ЧХЭРЭГТ АВАГДСАН ЗУРАГТАЙ АДИЛХАН БАЙСАН

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай ярилцлаа.


-Хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор дөрвөн хүнийг галдан шатаасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод байх гэртээ онц харгис, хэрцгий аргаар бусдад алагдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар дээрх хэргийг үйлдсэн болохоо нуун далдлах зорилгоор, бүлэглэн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан болохыг тогтоож, эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг бүрэн шалгаж дуусгаад хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрлэсэн.

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн захиалагчдын хэргийг яагаад тусгаарласан юм бэ?

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь үйлдсэн болохыг тогтоож эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг шалгаж дуусгаад, прокурор шүүхэд шилжүүлсэн. Захиалагчдад холбогдох хэрэгт шалгах зүйл байгаа учир тусгаарлан шалгаж байна. Энэ хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан юм. Захиалагчдад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийг шинэчилж, нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулсан. Хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Ерөнхий прокурор өгсөн байгаа.

-Энэ хэргийг улс төрийн зорилготой захиалгат аллага хэмээж байсан ч Эрүүгийн хуулийн заалтаар шийтгэсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа?

-Хэргийг илрүүлж, тогтоогоогүй байхад улс төрийн зорилгоор үйлдэгдсэн аллага гэж манай улстөрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр ирсэн. Энэ хэргийг илрүүлэхээр тагнуул, Мөрдөн байцаах газар, цагдаа, прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа. Эцэст нь хэргийг илрүүлээд шийдчихээр энэ чинь тийм байх ёсгүй гээд яриад, бичээд байна.

-Нууцын зэрэглэлтэй хэрэг гэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан. Нээлттэй явуулах боломж байгаагүй юм уу?

-Хэргийн хувьд нууцын зэрэглэлд орж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. С.Зориг нь тухайн үед Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан. Мөн хэргийг улс төрийн сэдэлт зорилгоор үйлдсэн байж болзошгүй гэх мэтээр олон таамаг дэвшүүлж, олон талаас нь шалгаж байсан шүү дээ. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаагаар төрийн нууцад хамаарах олон баримт цугларсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтын 80 хувь нь прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтээс бүрдэж байна. Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан.

-Хүмүүсийн бас нэг анхаарлыг татаад байгаа зүйл бол ам зураг. Анхны ам зураг Б.Содномдаржаагийн зурагтай таарч байгаа нь үнэн үү?

-Хэвлэл болон сайтаар тавигдсан ам зураг хаанаас яаж гарсан болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан.

АМ ЗУРГИЙГ ОДООГИЙН ЗУРАГТАЙ ХАРЬЦУУЛАХАД

Шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж ял оногдуулсан. 18 жилийн дараа илэрч буй энэ хэргийн сэжигтнүүдийн ам зураг гэж тухайн үед гарч байж. Ам зургийг одоогийн гэмт хэрэгтнүүдтэй харьцуулан харъя.

Б.Содномдаржаагийн зураг

Энэхүү ам зургийг Б.Содномдаржаагийн зурагтай харьцуулахад төстэй байна уу? 18 жилийн хугацаанд хүнийн царай хэр өөрчлөгдөх вэ? Улсын хяналтын прокурор хэргийн талаар ярилцлага өгөхдөө “Хэрэг шалгах явцад Б.Содномдаржаагийн төрх, анхны хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан” гэж хэлсэн нь бий.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын зураг

Гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэгтнүүд С.Зоригийг хөнөөх үедээ нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудсан тухай яригддаг. Батаа, Оюунаа гэх хоёр хүний дээрх ам зураг гэмт хэрэгтнүүд болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хэр төстэй харагдаж байна вэ? Мөн энэ хэрэгт нас барсан Отгонбаатар гэх хүний нэр гараад байгаа.

С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарахад газар дээр нь очсон цагдаа нар Б.Булганаас байцаалт авахад “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан” хэмээн мэдүүлсэн байдаг.

Тухайн үед гэмт хэрэгтнүүдийн ам зургийг гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж байжээ. Гэрчийн мэдээлэл дээр үндэслэн гарсан сэжиг бүхий хүмүүсийн тухай ингэж дүрслэн хэлж байсан юм байна.

-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктой, догшин, хогийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хүүхэд байсан. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан.

-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан гэх мэтээр гэрчилсэн тухай урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан аж.

Хэрэв одоогийн гэмт хэрэгтнүүд 18 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх аваас тухайн үедээ 17-23 насных байсан болж таарна.

Г.Батбаяр: НАСБАРСАН ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРАХГҮЙ

Мөн энэ хэргийн талаар өмгөөлөгч, хуульч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гээд байгаа. Шунахайн сэдэл гэдгийг хуулийн заалтад юу гэж заасан байдаг вэ?

-Шунахайн сэдэл гэдэг нь хүний өмч, эд хөрөнгийг их, бага нь хамаарахгүйгээр булаан авах зорилготой аминд нь хүрэхийг хэлдэг. Тус хэргийг харахад өөр гэмт хэргийг халхавчлах зорилгоор үйлдсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хүнийг захиалгаар алсан гэж үзнэ. Шүүх хурлаар С.Зоригийн аллага биш өөр хэрэг шүүсэн гэж харагдаж байгаа.

-Ямар хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг юм бэ?

-Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан хэмээсэн байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд шүүх хурал нээлттэй, хаалттай явуулах талаар тодорхой заасан. Насанд хүрээгүй хүн болоод төр, байгууллагын нууцтай холбогдолтой асуудлыг хаалттай хэлэлцэнэ хэмээн заасан байдаг. Харин бусад бүх хэргийг нээлттэй явуулдаг. Хэсэгчлэн буюу төрийн нууцтай хэсгийг хаалттай хуралдаад бусад хэсгийг нээлттэй хуралдана гэсэн заалт байдаггүй.

-Цорын ганц амьд гэрч болох Б.Булганыг яагаад хэргээс хассан юм бэ?

-Сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан учраас гэрчээр оруулах боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм.

-Нас барсан хүний мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах уу?

-Хамаарахгүй. Амьд хүнд нэр төр, хувь хүний нууц гэж бий.