-Үнэндээ тэд эргэж ирэхдээ төгс гэгээрчихээд төрөл арилжсан мэт шинэ хүн болчихдоггүй л юм бол эрх мэдлийн тойрогтоо шинэ залуусыг оруулна гэдэг юу л бол. Ардчилсан намын залууст зам ч гаргахгүй, зай ч өгөхгүй гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй л болов уу-


Ардчилсан намыг шинэчлэхийн төлөөх шахалт, шаардлага юутай ч арваад жил тасарсан Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлж чадлаа. Харин одоо өрнөж байгаа үйл явц, тодруулбал намын даргын сонгууль нь бодит үр дүн, өнөөх зорьж хүссэн шинэчлэлийнх нь эхлэл болж чадах уу?
Тэгвэл юуны өмнө тус намын даргаар өрсөлдөгчгүйгээр хамгийн олон жил ажилласан Н.Алтанхуяг өнөөдөр өрсөлдөн байж намын дарга болох гээд байгааг мэдээж хэн ч шинэчлэл гэж хэлэхгүй байх. Тэрбээр 2008 онд намын дарга болсноосоо хойш энэ нам дахь шийдвэр гаргах эрх мэдлийг үндсэндээ жирийн гишүүдээсээ салгаж, ҮЗХ, ГЗ-д аажим, аажмаар шилжүүлж, энэ зуураа тэдгээр бүтцэд өөрийн фракцийн хүчийг алхам алхмаар нэмэгдүүлсэн хүн юм.
Эцэст нь түүний фракцтай хүчтэй өрсөлдөгч болон гарч ирсэн “Шонхор” /үүний цаана МоАХ/-ын хүчийг намын шат шатны шийдвэр гаргах түвшинд өөрийн “Алтангадас”-ынхтай эн тэнцүүлэх замаар “эвийг хангаж”, үүнийхээ дараа Ардчилсан нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гээд цус сэлбэгдэх, үе солигдох бүхий л зүй ёсны үйл явцуудыг хааж дөнгөсөн. Нэг үгээр бол шууд хаалгыг хаасан гэж хэлэхэд болох байх. Ардчилсан намын эрх мэдэл энэ хоёр фракцийн хооронд буюу “алтангадас” болсон Н.Алтанхуягаас “шонхор” болсон З.Энхболд нарт шилжсэн сүүлийн хэдэн жил энэ намд дотоод ардчилал үгүй болж, дарангуйлал тогтсон. Үр дагаварт нь Ардчилсан нам сонгуульд ялагдаж, үүнийг ухамсарласан жирийн гишүүд нь одоо л намаа шинэчлэхгүй бол болохоо байлаа гэдгийг ил хэлж эхэлсэн юм. Үндсэндээ “тэднээс намаа салгаж авья” гэсэнтэй утга нэг уриан дор шинэчлэлийг эхлүүлсэн гэж ойлгогдож байтал өдгөө өнөөдүүл нь дүрээ хувилгачихаад сунгаанд давхиж явна. Ардчилсан намыг өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсний хариуцлагыг хүлээгээд “үүдээр” хөөгдөхдөө тул байсан хүмүүс өдгөө сунгаа нэрийн дор “тооноор” орж ирэх гээд давшилж байгааг үнэндээ олон нийт гайхсаар.
Шинэчлэлийн төлөө уриатай нэг бус нэжгээд хөдөлгөөн байгуулаад “Залуустаа нээлттэй нам болъё” гэж шахаж шаардаад байсан залуус нь өнөөдөр хаачив. Намаа өөрсдийн эрх мэдлийн морь болгочихоод ээлж дараагүй зайдалж явсан дарга нар нь эргэж ирээд залуустаа зай гаргаж өгнө гэдэгт итгэсээр яваа юм болов уу даа?
Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөгчид бүгд л хэн нь хэн бэ гэдгээ таниулчихсан, үг хэл, үйл хэрэг нь ил хүмүүс. Тэдгээрээс Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар эрх мэдэлд хүрэхээрээ намынхаа залуусыг биш өөрийнхөө ах дүүс, тойрон хүрээлэгчдээ татаж явдаг хүмүүс гэдэг нь бүхэнд ил болсон санагдана. Сонгуульд ялсан намд эрх мэдлийг дагаж ирдэг ажил, албан тушаалаас эхлээд ихээхэн хэмжээний үнийн дүнтэй тендер, төслийг ураг төрлийнхөндөө хуваарилж, эгч, дүү, хүргэн хөвгүүдээ “хоолонд” нь хүргэсэн биш хорлочихоод яваа хамгийн ойрын бөгөөд том жишээ нь АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход түүний ах, дүүсийг хууль бус зүйл хийсэн, хөрөнгө мөнгө завшсан гэж хэлэх гээгүй, харин яагаад заавал төрөл садны хүмүүсээ ажил албан тушаалд томилсон юм бэ гэдгийг л гайхаж буй юм. С.Эрдэнийн хувьд ч энэ талаараа Н.Алтанхуягаас төдийлөн ялгагдахгүй. “Өөд нь татсан хүнээ хаядаггүй” чанар нь хүн чанарын нэг илэрхийлэл гэж өөрсдөө ойлгоод байгаа болохоос бус угтаа эрх мэдэл, албан тушаалд хүрэхээрээ өөрийнхөө хүмүүсийг татаж авчирч хүрээлүүлдэг “муухай зан”. Тэр тусмаа улс төрийн намд тийм ч зохистой зарчим биш.
Улс төрийн нам гэдэг бол төрийн бодлогын үндэс, боловсон хүчний уг сурвалж. Тэнд үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлсийг дагасан нэгдэл бий болж, судалгаа, бодлого ярьдаг байх ёстой. Түүнээс биш ураг төрлөөрөө нийлээд өнгөтэй, өөдтэй “мест” дээр очоод идэж уудаг зарчим энд үйлчлэх ёсгүй ч энэ нь сүүлдээ хэвийн зүйл болж байх шиг.
Ардчилсан намын хаалгыг хааж аваад хамсаатан саднаараа эрх мэдэл дээр сандайлж суусан тэд өдгөө үүдээр гаргах гэхээр тооноор орж ирэх гэж хичээж явна. Үнэндээ тэд эргэж ирэхдээ төгс гэгээрчихээд төрөл арилжсан мэт шинэ хүн болчихдоггүй л юм бол эрх мэдлийн тойрогтоо шинэ залуусыг оруулна гэдэг юу л бол. Ардчилсан намын залууст зам ч гаргахгүй, зай ч өгөхгүй гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй л болов уу.