Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор ТТЭНН-ын дарга Г.Уянгыг урилаа 
 
Х.Баттулга гишүүнтэй ямар ч харилцаагүй. Үлгэрийг яаж ч зохиож болно
 
-Ерөнхийлөгчийг огцруулах талаар таны сүүлийн үед хийж байгаа тэмцэл олны анхаарлыг татаж байна. Та хэд хэдэн үндэслэл гаргаж Ерөнхийлөгчийг огцоруулах шалтгаан энэ гэж тайлбарласан байсан. Ер та яагаад заавал Ерөнхийлөгчийг огцорох ёстой гээд байгаа юм бэ. Магадгүй та бүхний тэмцэлд төрийн тэргүүн тодорхой хариу өгөхгүй, товчхондоо суудлаасаа буухгүй гэвэл яах вэ? 
 
-Дэндүү олон үндэслэлүүд байна. Тухайлбал, “Рио Тинто” компаниас байр авсан байна. Мөн “Рио Тинто” компани эхнэрийнх нь тэргүүлдэг төрийн бус байгууллагад хандив босгосон арга хэмжээ бол шууд авлигын хэрэг. Төрийн эрх барих дээд байгууллагатайгаа зөвшилцөлгүй “байнга төвийг сахих статус” гэгчийг олон улсад зарласан нь Монгол Улсын гадаад харилцаанд томоохон гарз хохирол учруулж хоёр хөрштэй таагүй байдлыг үүсгэлээ. Хуульт ёс, шударга ёсыг уландаа гишгэж шүүх, хууль сахиулах байгууллагыг нэргүй зарц, гар хөлөө болгосон. Шударга гэдэг үгийг утгыг шалны алчуур болгож орхилоо.
 
Харийн шашны гаж урсгалын салбар байгууллагаас сонгуулийн мөнгөө босгодог Ерөнхийлөгчийг өөр улс оронд яах байсан бол гэх мэт...Солонгосын Ерөнхийлөгчийг огцроход хүрсэн шалтгаантай энэ бүхнийг харьцуул даа. С.Жавхлан гишүүн бид, дэмжиж байгаа олон түмэнтэйгээ хавсраад асуудлаа тавина. Буулгах эсэх нь УИХ-ын, товчхондоо МАН-ын ажил. Өөрөө суудлаа өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн хэрэг. Бид хуулийн дагуу эцэст нь тултал явна. Тангараг өргүүлсэн Их хурал нь дийлдэггүй юм бол сонгосон ард түмэн нь дийлэх байлгүй дээ. 
 
-Ингээд ярихаар Ерөнхийлөгчөөс муу хүнгүй болоод байх шиг байна. Ингэхэд Ерөнхийлөгч үнэхээр муу хүн үү. Уг нь Ерөнхийлөгчийг намын дарга байхад таны нөхөр А.Баатархуяг нарийн бичгийн дарга нь байсан. Саяхан бас түүнийг өмгөөлсөн ч юм шиг агуулгатай пост бичсэн байсан. Нэг гэр бүлийн хоёр... Яг үнэндээ нэг л ойлгомжгүй?
 
-Ц.Элбэгдорж гэдэг хүний асуудлыг огт хөндөөгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг төрийн нэг субъектын хууль зөрчсөн тухай, ёс суртахууны хэм хэмжээний нь тухай асуудлыг хуулийн дагуу, шударга ёсны дагуу хөндөж, маш тодорхой баримтуудаар гаргаж тавьсан. Хувь хүний харилцаатай хутгаж бүдгэрүүлэх гээд байх шаардлага байхгүй. Мэдээж Ц.Элбэгдорж гэдэг хүн сайн гэрийн эзэн, сайн хань, хүүхдүүддээ сайн аав, ээждээ юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ-сайн хүү байж таарна. Үүнтэй маргах хэрэггүй.
 
Төрийн тэргүүнийх нь хувьд ард түмэн асуудлаа тавьж байна. Энэ бол гэр бүл, хувь хүний харилцаанаас онхи тусдаа зүйл л дээ. Үүнийг зааглах гэж хууль байдаг. Ийм хэм хэмжээ алдагдвал шударга ёс алдагддаг. Нөхөр маань миний тэмцэлтэй хамт байж мэдэрч байгаа ч юу юугүй ханцуй шамлаж орохоос цааргалж байгааг нь би бас ойлгож л байна. Асуудал ийм л юм.Тэр постын тухайд бол харин Ерөнхийлөгчийн өмгөөлсөн гэхээсээ илүү аливаа асуудалд туйлшралгүй бодитой хандахыг сануулсан гэж ойлгосон. 
 
-Та сонссон байх. Таны сүүлийн үед хийж буй тэмцэлтэй холбогдуулан олон нийт байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Тухайлбал, зарим нь УИХ-ын гишүүн С.Жавхлан та хоёрын ард нөлөө бүхий улстөрч бий гэж байна. Олны яриагаар тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Учир нь тэрбээр УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгчийг огцруулах гарын үсэг зурна гэдгээ хэлсэн. Ц.Нямдорж  гишүүн үнэхээр таны ард байгаа юу. Ер нь та Нямдорж гишүүнтэй энэ асуудлаар уулзсан уу. Та хоёрын хувьд Ерөнхийлөгчийг тойрсон зарим таагүй асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэж ойлгогдож байгаа л даа? 
 
-Үнэхээр тийм бол өдийд Ерөнхийлөгчийн асуудал нэлээд явчихсан байхгүй юу. Нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчид бидэнтэй хамт байвал, УИХ-ын гишүүд хамт байвал сайн л байна. Томоос том асуудал урд нь байхад ард урдаас юм хайгаад яах вэ. Одоо намайг ард урдаа элдэв юмгүй, хэн нэгний өмнөөс биш нийтийн, олны, улс орны эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа хийдгийг таних хугацаа өнгөрсөн байх гэж бодож байна. Хамтран ажиллах, бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх асуудал хэзээ ч байж болно. Хэрэв ард, урд баймаар байгаа хэн нэгэн байвал ард биш дэргэд, бүүр урд байвал хэрэгтэй. Ц.Нямдорж гишүүний дэмжиж дуугарсан нь бас ханьтай сайхан л сонсогдсон.
 
Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар Ц.Нямдорж гишүүн бидэнтэй ижил байр суурьтай байгаагаа ил тод илэрхийллээ. Ямар сайн хэрэг вэ гэж олзуурхаж сууна. Ер нь урд гарч туг барьж үзэлцэхийн оронд ард нь байгаа мэт харагдаж наймаалцахыг хүсэгч бэртэгчид бол харин ч олноороо олдоно шүү дээ.“Эрдэнэт”-ийн асуудлаар бол Монголын ард түмний байр суурь нэг их олон хуваагдаагүй. Ижил байр суурьтай олон хүний хоёр нь л бид юм байна. Ц.Нямдорж гишүүнтэй саяхан уулзаж бэлтгэж байгаа нэвтрүүлэгтээ зориулж ярилцлага хийсэн. 26 жилийн улстөр, алдаа, онооны талаар удаан ярилцсан.
 
-Мөн “Женко” Х.Баттулгатаны ард байгаа гэх мэдээлэл байсан? 
 
-Х.Баттулга гишүүнтэй ямар ч харилцаагүй байна. Үлгэрийг яаж ч зохиож болно.
 
-Үүний шалтгааныг мөн л янз янзаар тайлбарлаж байна. Тухайлбал, таныг ТТЭНН-ын дарга болоход олон нийт шуугисан. Ингэхдээ Г.Уянгын санхүүжүүлэгч нь Х.Баттулга гээд л... Харин одоо энэ хүн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн нэг суудлыг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг санаархаж байна. Үүнд нь таныг том нөлөө үзүүлж байгаа мэтээр тайлбарлах юм. ТаХ.Баттулгатай ямар харилцаатай байгаа вэ, нууц биш бол? 
 
-Нөхрийнхөө татаж байгаа тамхины нь утааг бүсгүй хүний дүрс болгож хараад нөхрөө хардаад хэрэлддэг шиг л юм ярьцгаах юм. Хууль гэж нэг юм бий шүү дээ. Одоо байгаа хуулиар нь наад үлгэр чинь хэрэгжих ямар ч бололцоогүй. Хуулиар зөвхөн УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. УИХ-д суудалтай нам гэж хэн бэ гэдгийг хуульд маш тодорхой заачихсан. 
 
-Тэгээд С.Жавхлан гишүүн та хоёр хэнтэй ч хамтраагүй өөрсдөө л энэ асуудлыг тавьж байгаа юм уу?
 
-Одоо тэгж л байна даа. Уг нь хоёулаа байснаас гурвуулаа дээр, парламентад 39-үүлээ дээр, улсдаа бол гурван саяулаа байсан нь дээр л дээ. Хэн нь ард урд нь байх нь хамаагүй олуулаа бол сайн. Хэрэв хэн нэгэн хүн заавал байх ёстой гээд хайгаад байвал энэ дэмжээд байгаа олон зуун мянган хүмүүс л бид хоёрын ар тал болдог байх даа. Жишээ нь, Каплад уучлал үзүүлж болдог юм бол зээл хуйтай бидэнд уучлал үзүүлж болох уу? гэсэн олон мянган хүний гарын үсэгтэй баримт манай нам дээр байна.  Бас нэг юм хэлэхэд ил тод илэрхийлэхгүйгээр  маш олон хүн биднийг дэмжиж байгааг мэдэж, мэдэрч байна. 
 
Ер нь энэ асуудал анх удаагаа сөхөгдөж байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа миний бие асуудлыг сөхөж тавьж Байнгын хороогоор оруулж байсан. Байнгын хороо нь хэлэлцээгүй юм. Каплад өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох УИХ-ын тогтоолын төсөл мөн өргөн барьсан минь бас л хав дарагдчихсан юм шүү дээ. Тэгээд чуулган хугацаанаасаа сарын өмнө хаагдсан. 
 
-УИХ-ын гишүүн С.Жавхлан танай намд элсэх гэж байгаа гэж үнэн үү?
 
-С.Жавхлан гишүүн бие дааж сонгогдсон. Аль нэг  намд элсэнэ гэж би бодохгүй байна. Элссэн ч лав энэ хоёр намд биш байх. Энэ хоёр намыг сөргүүлж сонгогчид парламентад ганц түүнийг л сонгосон, итгэж сонгосон хүнээ харж байгаа. Би гишүүний өмнөөс ийм асуултад хариулах эрхгүй, таамгаа л хэллээ шүү. 
 
-Ер нь та, танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг, аль намыг дэмжиж оролцох бодолтой байна вэ. Хэрэв УИХ-ын гишүүн С.Жавлхан танай намын гишүүн болбол танай намаас нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй болно. Энэ тохиолдолд яах вэ? 
 
-Дээр хэлсэнчлэн хуулийн ийм бололцоо байхгүй. Гэхдээ манай нам парламентад суудалтай намаас бусад хүчин нэр дэвшүүлэх хуулийн бололцоо гаргах ёстой гэж үзэж байгаа. МАН АН хоёр нийлээд 350 орчим мянган гишүүнтэй гэдэг. Сонгогчийн тоо өнгөрсөн сонгуулиар 1,95 сая байсан. Намын гишүүдээс гадна 1 сая 600 мянган сонгогчийн төлөөлөл нэр дэвшиж чадахгүй үлдэх нь байна шүү дээ. Энэ бол ардчилал биш, сонголт биш, харин тулгалт юм. МАН АН-аас өөр сонголт бий болгоогүй сонгууль ямар ч утга учиргүй болчихоод байна. ТТЭНН аль нэг намыг нь дэмжих тухай ярихаас өмнө намын гишүүн бус 1,6 сая сонгогчийн төлөөллийг дэвшүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж бодож байна. 
 
Хардалт гэдэг чинь энэ нийгмийг алж байгаа нэг гамшиг
 
-Ингэхэд танай намын асуудал юу болж байна вэ. Ц.Баянбилэг гэж хүн таныг намын дарга биш. тамгыг булааж авсан гэж шүүхдэлцдэг. Саяхан гэхэд бас л бөөн маргаан дэгдээсэн ч шүүх таны талд шийдвэр гаргасан байна. Ингэхэд танай нам үнэхээр хоёр тамгатай, хоёр даргатай юм уу?
 
-ТТЭНН хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэг даргатай, нэг тамгатай. Улсын дээд шүүх маргааныг тасалсан. Хэн нэгний талд биш хуулиа барьж шийдсэн.
 
-Ер нь намын маргаан юунаас болж үүссэн юм бол оо? 
 
-Намыг үүсгэн байгуулагч залуус улс эх орны эрх ашиг, шударга ёс алдагдаж байгааг засах сайхан үйлсийн тухай ярьж намайг намын дарга болооч гэж хагас жил гаруй гуйсан. Бие даагч бидний намыг Улсын Дээд Шүүх бүртгэж аваагүй тул надад энэ намаас өөр сонголт үлдээгүй. Би сонголтоо хийхдээ олон түмэндээ 26 жилийн дараа МАНАН-гаас өөр сонголт гаргаж өгье гэж хичээсэн. Зөвхөн ярих биш, ярьснаа үйлдэл болгон хэрэгжүүлэх нь хариуцлагатай үйлдэл гэж үзэж улстөрийн өөр хүчин бий болгохыг зорьсон. 
 
Намын дарга болоод долоо хоносны дараа их хурлаа зохион байгуулахаар маш их ажилтай байтал гэнэт Ц.Баянбилэгийг эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийн мэдээ нийгмийн сүлжээнд цацагдсан. Утсаар ярьтал, цагдаагийн үүдэнд байна гэсэн. Тэгээд л шууд ачигдаад ганц худагт хоригдчихсон. Яагаад энэ тухайгаа өмнө нь хэлээгүй юм бэ гэхэд минь “Танаас санаа зовоод хэлж амжаагүй юм, уучлаарай” гэсэн. 
 
Гэтэл сонгуулийн дараа урьдчилан хорихоосгарч ирээд асар их хэмжээний мөнгө гэнэт надаас нэхсэн. Залилангийн мөнгөө төлчихвөл хоригдохгүй, чадахгүй бол 10 жил шоронд хоригдох нь байна, туслаач гэсэн. Надад мөнгө байхгүй юм чинь яах вэ дээ. “Тэгвэл та намын даргаа өгчих, нам авъя гэсэн хүн байна” гэсэн. Энэ олон хүний итгэл найдвар, өгсөн саналыг би “Залилангийн хэрэгт холбогдсон хүмүүс шоронд явах гэж сандраад, намаа заръя гэхээр нь өгчихлөө” гэж хэлж болдоггүй юм гэдгийг хэлсэн. Ингээд л тэд хууль бусаар намын бага хурал гэгчийг хуралдуулж даргаа өөрчлөөд Дээд шүүхэд өгсөн. Мэдээж хууль бус тул бүртгэж аваагүй. Ийм л юм болсон.  Энэ үйл явцад харин холоос нясласан чулуу нөлөөлөөд байх шиг. Хэвлэлийн болон мэдээллийн, бас хуулийн зөвлөгөө өгөх дэмжлэг. Гэвч өнгөрч буй бороонд хэн цув нөмрөхийг хүсэх билээ, тийм үү. Дээд шүүх хуулиа барьж зарчимч шийдвэр гаргаснаа ирүүлсэн.
 
-Тэд тэгээд одоо чимээгүй болно гэж байх уу. Ийм маргаантай улстөрийн үйл ажиллагаа явуулахад танд төвөгтэй биш үү?
 
-Одоо маргаан нэгэнт шийдэгдсэн. Залуучууд залилангийн хэрэгт холбогдож амьдралдаа алдсан юм билээ. Нам байгуулж, нэр төртэй хүнээр даргаа хийгээд намын жагсаалтыг зарж мөнгө олж залилангийн хэргээсээ мултарна гэж тооцсон нь түүнээсээ ч том алдаа болсон. Сонгуулийн хууль өөрчлөгдөж жагсаалт байхгүй болоод бүх зүйл нь орвонгоороо эргэж л дээ. Намайг, манай эвслийг, нэр дэвшигчдийг, санал өгсөн тэр олон мянган хүний итгэл үнэмшлийг бүгдийг нь зарж мөнгө болгоно гэж тооцсон байна шүү дээ. Хэрэв нам суудал авсан бол бид үүнээс ч хүнд байдалд орох байсан юм билээ.
 
Намын нөхөд, журмын нөхөд маань энэ талаар ярилцаад хууль ёсоор хурлаа зарлаж хуралдуулаад, хоёр тал үндэслэлүүдээ гишүүддээ танилцуулаад хууль ёсоор тэд намаа авбал ч аваг гэсэн. Тэгэхээр л тэр залуучууд татгалзаад байдаг юм. Өгсөн ч хууль ёсоор өгөхгүй бол би бас өөрөө хууль зөрчиж хэрэгт орно шүү дээ. ТТЭНН-ын бүх зүйл одоо хууль ёсны, хэвийн байгаа. 
 
Энэ бүхэн манай нийгмийн эмгэнэлт дүр төрхийн нийтлэг нэг л үзэгдэл. Залуучууд ажилгүй, ажлын байр байхгүй, амар хялбараар мөнгө олох гэсэн, бас цаашлаад гэмт хэрэгтнүүд улстөрийн хүчнийг дарамтлаад, УДШ-ээр ороод зарга хийгээд хүртэл явж байж болдог нь эмх замбараагүйтлийн наад захын жишээ. Бас ийм хүмүүстэй Ерөнхийлөгчийн нь ах дүү, зөвлөх нь хүртэл гудамжинд уулзаад л явж байдаг. Бид ч нэг ийм л улс орон болчихоод байна даа. Инээдэмтэй ч эмгэнэлтэй ч юмаа даа. Залуучууд нам, улстөрийн үйл ажиллагааг төр-олон түмний том үйл хэрэг гэж биш ердөө панз наймаа л гэж ойлгодог болсон байна шүү дээ. Энэ юутай том эмгэнэл вэ. 26 жил залууст ийм л үлгэр дуурайл үлдээсэн байна. Бид үүнийг засах үүрэгтэй болж байна. 
 
-Тэгвэл танай намын үйл ажиллагаа яг юун дээр төвлөрөх бол? 
 
-Бид дотоод зохион байгуулалтаа эмхлээд, бодлогын зөвлөлөөр бэлтгэсэн үзэл баримтлалаа хэлэлцүүлж, олон түмэнд таниулна. Үзэл баримтлалаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгуулахын төлөө идэвхтэй ажиллана. Дахин хэлэхэд ТТЭНН бол өөрийн намаа бэхжүүлж Монголд бүртгэлтэй 24 намтай өрсөлдөхийн төлөө нам биш. Бид Монголыг өөрчлөх шинэ Үндсэн хуулийг батлуулахын төлөө нам. Монголчуудыг өнөөдрийн хазайсан замаас үндэснийхээ онцлогт суурилсан үнэт зүйл, итгэл үнэмшил, түүх, алдаа оноогоор нь монголчуудаа нэгтгэн зангидсан, зөв чиг баримжаатай, түүнд тулгуурласан тогтвортой зөв засаглалтай шинэ Үндсэн хууль гаргаж чадна. Түүний дараа улстөрийн намуудын хууль өөрчлөгдөж хүчний дахин хуваарилалт явах учиртай. Бид үүний л төлөө нам. Намын төлөө нам биш. 
 
Сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай маань “Монголын Х(икс) намын үзэл  баримтлал, ойрын зорилтууд” нэртэй ном бичсэнээ асар хүндэтгэлтэйгээр надад, манай намд гардуулсан. Монголын намууд өнөөгийнх шиг мөнгөний, эрх мэдэл тойрсон бүлэглэлийн нам биш үндэстэн улсаа намаг балчгаас гаргах үзэл санааны нэгдэл байгаасай гэсэн төрийн хүний бодол, оюунаа чилээсэн тэр бодлогыг ажил хэрэг болгох юмсан гэж хичээж ажиллана. 
 
-Эцэст нь асуухад таны үг үйлдэл олны нүдэн дээр байнга ил байдаг. Гэтэл саяхан таны талаар яриа гарсан байсан. Энэ нь Утааны эсрэг аав ээжүүдийн жагсаалын үеэр таныг “Хэрэв муухай харагдана гэхгүй бол би жагсаал дээр чинь очиж үг хэлье” гэсэн хэмээн ярьцгааж байсан. Та үнэхээр тэгсэн юм уу?
 
-Утааны эсрэг ээж аавуудын тэмцлийг дэмжихийн дээдээр дэмжиж байна. Энэ улсад чинь жагсдаг, тэмцдэг хүн нь ганц Уянга байж болохгүй биз дээ. Олон хүн надад хандаж жагсаалд оролцохыг хүссэн. Харин зохион байгуулагчид аль нэг улстөрчийг оролцуулахгүй байсан нь дээр гэж үзсэн юм билээ, тэр нь ч  зөв гэж бодож байна. Хардалт гэдэг чинь энэ нийгмийг алж байгаа нэг гамшиг шүү дээ. “Уянгаа ирлээ” гэж баярлах нэгэн байхад дургүйцэх нэгэн ч таарна. 
 
Ард нь тэр, энэ байна гэж ярьж тэмцлийн эрчийг нь бас сулруулж, дотор нь хагаралдуулж мэднэ. Би чинь энэ бүхнийг туулсан хүн шүү дээ. Та хүртэл ярилцлагын эхэнд яг ингэж асуусан. Тиймээс зохион байгуулагчдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тэднийг санал нэгтэй хүсвэл л очиж болох юм гэсэн. Уг нь хүмүүс өөрсдөө өөрсдийнхөө төлөө тэмцэж, зовлон жаргалыг нь мэдэрч, яагаад энэ нийгэм нэг болохгүй байгааг, үзэгдэлтэй биш систем тогтолцоотой тэмцэх ёстойг ойлгох чухал. Нэг асуудлын захаас барьж аваад, хөвөрдсөөр яваад уг үндэс рүү нь очиж үзэх, жинхэнэ тэмцлийн цэг хаа байгааг мэдэж авах чухал. Цөөдөж цөхрөх, хүч дутах, элдвээр хардуулж, хэлүүлэх, эв эвдрэлцэхийн зовлонг үзээд ирэхээрээ нэгдэж нягтрахын чухлыг ойлгоно.
 
Тэмцээд, ойлгоод нэгдэж нягтрах л чухал. Энэ 26 жилд эрх мэдэл, өмч хөрөнгө хуваалцаагүй, харин зовлонгоо хувааж үүрч, утаагаа хувааж амьсгалсан иргэд бид хоорондоо хэмлэлдэхийн учрыг би ойлгодоггүй. Үүнийгээ л ойлгож чадвал том жижиг төрөл бүрийн утаанаасаа салж чадна даа, хэдүүлээ. 
 
-Ер нь таныг олон хүн өндрөөр үнэлдэг. Хэлж байгаа үг хийж байгаа тэмцлийг чинь дэмждэг. Харин та өөрийн үнэлэмжээ гэж хардаг вэ?
 
-Намайг “өндрөөр үнэлэх”-ээс би айдаг. Дорд үнэлэх ч бас хэрэггүй. Бодтоор, зүй ёсоор үнэлсэн нь дээр. Би ч өөрийгөө байнга хөндлөнгөөс харж, бусдын шүүмжлэл, үнэлэмжийг эн тэнцүү сонсож зүй ёсоор үнэлэхийг хичээдэг. Ингэх нь явдалд илүү тустай. Магтаал, гүтгэлгэд адилхан ханддаг. Харин олон түмнийхээ дэмжсэн сайхан сэтгэл, урмын үгээр тэжээгдэж тэтгэгдэж, эрч хүчээ сэлбэж явах юм даа. Урагшлахад надад энэ л хангалттай байдаг. 
 
-Танд баярлалаа. 
 
 Л.Оюунгэрэл
 
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин