Ардчилсан хувьсгалын үед “Элсний 13” гэж айхавтар тэмцэгчид төрсөн. Гэвч эрх чөлөөний эхлэлийг тавьсан гэгдэх “Элсний 13”-ын гишүүд сайн яваагүй гэлцдэг юм. Өнгөлөг өөдрөг яваа нь тухайн үеийн “Элсний 13”-ыг толгойлж байсан Д.Ганболдыг гэх юм билээ. За энэ ч яахав. Мэндэлсэн, тэгсхийгээд замхарсан явдал болсон.

 

Харин МАН-аас байсхийгээд л “Элсний 13” мэндэлж, эврээ ургахаар эхийгээ мөргөдөг зуршил тогтоод байгаа юм. МАН-ыг МАХН нэртэйгээ байх үед Н.Энхбаяр хүчээ авч, түүний дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй болох гээд байсан үе. Энэ л цаг мөчид тэрбээр “Элсний 13”-ыг төрүүлж, улстөрд халуун гараас нь хөтлөн оруулсан М.Энхболдыг унагааж байсан гашуун түүх бий.

 

2007 онд болсон энэ үйл явдлын галын шугаманд Д.Арвин, Ч.Ав­дай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ган­ди, Д.Тэрбишдагва, Л.Одон­чимэд, Д.Одбаяр, Т.Очир­хүү, Ц.Шаравдорж, А.Цан­жид, Ц.Мөнх-Оргил, Р.Ням­сүрэн гэх 13 ги­шүүн байсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр өөрийн “Гарын шавь” М.Энхболдын хүчийг сулруулж, өөрийнхөө эрхэнд байлгахын тулд энэ “хэргийг” үйлдсэн гэгддэг юм. М.Энхболдыг унагаах үйл хэргээ амжилттай биелүүлсэн “Элсний 13” тэгсхийгээд бас л чимээгүй болсон.

 

Ц.Нямдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэсэн холын бодол тээсэн байхыг үгүйсгэхгүй гэлцдэг юм.

 

Харин 10 жилийн дараа МАН-аас дахин “Элсний 13” төржээ. Тэдний гол зорилго нь М.Энхболдыг Ерөнхийлөгч болсны дараа МАН-ын даргын суудлыг авах асуудал гэж байгаа боловч далдуураа Ц.Нямдоржийн далд санааг дэмжих хөтөлбөр гэж харах өнцөг ч байгаа юм.

 

Хамгийн аюултай гэж болох энэ багийн гишүүд хүчтэй, нөлөөтэй эрхэмүүд. Юуны түрүүнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэрлэгдэж байгаа юм. Мэнгэт даргын хувьд хал үзэж, хашир суусан хатуу самар. Баргийн асуудалд гараа өргөхгүй. Харин ч түүний үгээр үг хийж, сумных нь зэв болох гишүүд нэмэгдэж магадгүй. Ер нь түүний нөлөө нам дотроо хүчирхэгжих хандлагатай байгааг гишүүд нь хэлдэг. Энэ нь алсуураа Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэсэн холын бодол тээсэн байхыг үгүйсгэхгүй гэлцдэг юм.

 

Дараа нь МАН-ын гишүүн Ж.Энхбаяр нэрлэгдэнэ. Түүний аав Ш.Жадамба генерал Монгол төрийнхөө тэргүүнийг, армийнхаа генералын цогцсыг эх орондоо авчирсан гавъяагаараа алдаршсан нэгэн. Монголын ард түмэн түүнийг хүндэлдэг, домог мэт ярьдаг. Мэдээж сайн аавын сайн нэрээр Ж.Энхбаяр сайн яваа. Батлан хамгаалахын салбарт амжилттай ажилласан гэж дүгнэдэг. Тиймээс нам дотроо шагхийсэн нөхөдтэй.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу