Хууль тогтоох дээд байгууллагад ажилладаг байсан эрхмүүд Монголын мөнгөний уурхайн гэгддэг Гаалийн ерөнхий газарт эхнэр хүүхэд, анд найзууд гээд өөрийн хүмүүсээ “шахдаг” болжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эхнэр гаальд ажилладаг бол төмөр замтай нягт уялдаатай хэмээн яригддаг УИХ-ын гишүүн асан Р.Рашийн эхнэр ч төмөр замын Гаалийн газарт ажилладаг. Гаалийн ерөнхий газартай холбоотой Монголын төсвийг бүрдүүлдэг бас нэг газар нь Татварын ерөнхий газар. Энэ хоёр байгууллага нь зүү орох зайгүй найзууд. Гаальд ажиллаж байсан хүмүүс ажлаа сольвол татвар руу, харин татварынхан гааль руу шургалдаг нь жам болжээ. Олон тэрбум төгрөг идсэн гэх Татварын ерөнхий газрын дарга асан Д.Баттөмөр Гаалийн Ерөнхий газраас Татварын Ерөнхий газар руу орсон.

Уг нь гаалийн ажилтан хүн гаалийн мэргэжилтэй, татварын чиглэлээр ажиллах хүн санхүүгийн мэргэжилтэй л байх ёстой юм шиг хэнд ч санагдана. Гэтэл жаахан л ойролцоо мэргэжилтэй бол энэ хоёр байгууллагыг дамжигчид их болжээ. Татвар, гаалийн байцаагчид нь ч жирийн нэгэн ажилтныг бодвол унаж байгаа унаа, амьдарч байгаа байр орон сууц нь ч хангалуун. Бас дансандаа мөнгөтэй. Жирийн төрийн албан хаагчийн цалингаар хэн ч ингэж амьдрахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр доод ажилчид нь ингэж ажиллаж байгаа юм чинь удирдлагууд нь яадаг нь хэнд ч ойлгомжтой. Хэтэрхий шунаж идээд цадахгүй хэтрүүлж байж хахаад баригдчихсан. Илэрч байгаа нь л энэ болохоос илрээгүй нь хэр байдаг болоо.

Бодоод үзэхэд толгой ч хүрэхгүй юм. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон энэ хоёр байгууллагад жирийн байцаагч болсон ч ач холбогдолтой. Энэ хоёр байгууллагад орох л гэж янз бүрийн авлига хээл хахууль өгч байж орох нь ч бий. Импортолж байгаа бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн татваргүйгээр оруулахын тулд гаалийн болон татварын танилууд байх хэрэгтэй. Ингээд л нөгөө хууль дүрэм зөрчигдөөд ирж байгаа юм.

Манайхан хуулийг зөрчих гэж гаргадаг юм гэж хошигносон ч байдаг. Үнэхээр гаргасан хууль дүрмээ завхруулагчид нь хууль гаргагчид өөрсдөө л байдаг гэж хэлж болохоор. Монголын эдийн засгийг бүрдүүлэгч татвар, гаалийнханы найзархаг байдал улам л нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн онд гаалийн байгууллага 3198 зөрчил илрүүлж, хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс гуравны нэг нь л татвараас зайлсхийх, санаатайгаар гаалийн мэдүүлэггүй бараа бүтээгдэх үүн оруулахыг завдсан хэрэг гарчээ. Үнэхээр бүтэн жилийн хугацаанд иймхэн л зөрчил гарч, татвараас зайлсхийж байна гэж үү. Үүний цаана хэчнээн ч зөрчил хөшигний цаана үлдэж байгааг хэн ч мэдэхгүй. Татвараас зугтаж нууж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг дагаад гэмт хэрэг ч өсөж байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүнсний аюулгүй байдал гээч нь алдагдаж хүн амын эрүүл мэндэд хор хохирол учирна. Орлого л олж байвал хүн амын эрүүл мэнд огтхон ч хамаагүй болсон нийгэм юм уу даа.

Хятад улсаас шинжилгээгүй эм тариа, хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна, гадаадаас хугацаа, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн их байна л гэх юм. Энэ бүхнийг шалгалтгүйгээр оруулж ирж байгаа нууц хүмүүс байгаа нь тодорхой байна. Хэрвээ шалгалттай, хяналттай энэ бүхнийг оруулж ирж байгаа бол юу гэж энэ хүнсний аюулгүй байдал алдагдаж, хуурамч эм тариа зарагдах юм бэ. Энэ бүхний цаана хэн байна вэ. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын найзын холбоо улам л бэхжээд байна. Тэд зүү орох зайгүй анд найзууд. Гаалийнхны ажиллаж байсан хүн ажлаа сольвол татварын алба руу, татварын Ерөнхий газар ажиллаж байсан хүн ажлаа өөрчилбөл гаалийн байгууллагад ажилд ордог болжээ. Гэхдээ энэ нь саяхнаас цэцэглэж байгаа бус эртнээс л энэ хоёр байгууллагыг сонирхогч дээдчүүл их байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн Л.Одончимэд өөрийн гарын хүн болох Ж.Батбаяр гэдэг хүнийг Гаалийн ерөнхий газрын дэд дар¬га болгож байсан түүхтэй. Тэгэхээр энэ хоёр байгууллагын эртний андын холбоо улам бүр дотносож найзын хүрээ улам л тэлэгдэж байна.

Бараа ихээр орж ирж буй гаалийн боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг гэх юм. Тиймээс ойр дотны нэгнээ гааль руу чихчихвэл өвөр ч дагаад түнтийдэг бололтой. Гаальтай холбоотой энэ мэт хэрэг ч өмнөх жилүүдэд гарч байсан.

Тухайлбал өнгөрсөн жил Замын-Үүдийн гаалиар их хэмжээний арматур төмрийг хуурамч бүрдүүлэлтээр оруулж ирсэн хэргийг хэлж болно. Монгол Улсад арматур төмрийг хийдэг байхад заавал урд хөршөөс чанаргүй, хямд арматур оруулж ирж буй иргэний барааг хуурамч бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас хууль бусаар чөлөөл өх ажилд гаалийн ажилтнууд оролцож байгаа нь харамсалтай. Ингээд л гаалийнхан, татварынхан найзууд болж хууль бус үйл ажиллагаагаа татвараас бултуулахын тулд улам л гүнзгийрч байна.

Г.Хишигсүрэн