Х.Баянмөнх: Намхай аваргын дархан мэхийг номдоо тодорхой бичиж оруулсан
2017/01/30
Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.
-Таны дөчөөд жилийн хөдөлмөрөө зориулан бүтээсэн номыг хэн хэн ариутган шүүв?
-Номын мялаалга үгийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч өөлд Тангадын Галсан, Монгол Улсын арслан, спортын гавьяат дасгалжуулагч, дэд профессор Лувсанчимэдийн Сосорбарам, шинжлэх ухааны доктор, спортын гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лувсанзундуйн Ням, Монгол Улсын начин, боловсролын доктор Бүдээбазарын Адьяахүү нар бичиж ариутган шүүсэн. Номын сэцдийн зөвлөлд маш их баярлалаа. Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Бүргэд бүргэдийн шүүрлэг өөр
Бөх бөхийн мэх нь өөр
Бүүвэй бүүвэйн уянга өөр” гэдэг үг юутай үнэн.
-Монгол бөхийн барилдааны ов мэхийг та найман үндсэн хэсэгт ангилан судалсан гэсэн. Ямар мэхүүд байна?
-Барьцгүй хийх, цэрвүү барьцнаас хийх, элэг бүсний барьцнаас хийх, хав золгож хийх, шуудагдаж хийх, давхар мэх, хариу мэх, угсраа мэх гэсэн найман ангилалд хуваагдаж байна.
-Та даншгийн их аварга Ш.Намхайгийн дархан мэхийг таамаглан нэлээд судалсан гэл үү?
-Намхай аварга ямар мэхтэй хүн байв гэсэн асуултыг олон бөхөд тавьж байлаа. Дархан аварга Б.Түвдэндорж гуай “Мөрний барьцаас халаад гар дээгүүрээ арьс татаж байгаа юм шиг хөврүүлж татаж хаядаг байсан” гэж настайчуул хэлдэг юм билээ гэж байсан. Аварга Ж.Цэвээнравдан, даян аварга Н.Жамьян, даншгийн заан Д.Содном, Д.Гарамбазар нарын олон бөхөөр Намхай аваргын дархан мэхийг яриулж, бөхийн сургууль дээрээ нээлттэй хэлэлцүүлэг зохиож байлаа. Тэр бүхэн номд тодорхой орсон л доо.
-Дэлхийн аварга бөх Зэвэгийн Ойдов гуайд зориулсан хөшөө боссон. Таны хөшөө Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд бослоо. Ямаршуухан сэтгэгдэл төрдөг юм байна?
-Амьддаа хөшөөгөө босгуулна гэдэг ховорхон л үйл явдал. Ард түмэн бөхөөрөө бахархаад хөшөөг нь босгож байгаа юм. Увс аймагт босгосон хөшөө чинь иж бүрэн хөшөө шүү дээ. Эргэн тойрондоо арслан, бар, заантай, Монголын анхны мянган жилийн настай хөшөө гэж ярьдаг юм билээ. Өмнө нь хийсэн хүмүүсийн хөшөө бол шавар цементээр хийсэн цээж баримал байдаг бол энэ хөшөө маш сайн чанарын хөшөө гээд байгаа. Увс аймгийн ерэн жилийн ойгоор л босгосон эд.
-Таны монгол бөхийн ертөнцөд оруулсан гавьяа яндашгүй. Биеэр байгуулсан хөлсөн гавьяанаас гадна номын цагаан буян үйлдэж сайхан ном судар бүтээлээ. Гэлээ ч хүний хорвоо гэдэг сайн, муу янз бүрээр л хэлэгдэж явдаг нь жам. Таныг монгол бөхийг баруун, зүүн Монголын бөхчүүд гэж хоёр хуваасан нүгэлтэн гээд бас үздэг шүү дээ?
-Монгол бөхийг хоёр хуваасан гэдэг арга байхгүй үнэн зүйл байхгүй юу. Улсын наадамд Увс аймгаас хүн барилддаггүй байсан шүү дээ. Дээр үед даншиг наадам, ардын хувьсгалын наадмуудыг ч манай Увсын бөхчүүд мэддэггүй байсан. Алс хол газар учраас ирж чаддаггүй ч байж. Надаас эхлээд улсын наадмын дэвжээн дээр Увсын бөхчүүд гараад ирсэн.
-Увсын долоон хар гэж алдартай бөхчүүд гарч ирсэн дээ?
-Увсын долоон хар гэж гарч ирээд л, наадамд нь арав түрүүлээд ирэхээр хүмүүс бидний эсрэг бодолтой болоод ирдэг юм байгаа биз дээ. Тэгээд л “Увсын бөхтэй харьцах нь, Баянмөнхтэй харьцах нь” гэсэн үзэл гараад ирсэн. Тэгсэн чинь одоо сүүлийн үед “Увс болоод Увсын бөхтэй харьцах нь” гээд эхэллээ шүү дээ. Одоо Архангай, Говь-Алтайгаас ч олон сайхан бөх төрөөд ганцхан Увсын бөхчүүдтэй тэмцэнэ гэсэн юм алга болж байна. Бүх л нутгийнхан нэг нэгэндээ багш, шавь болоод холилдчихлоо. Надад гэхэд Увсын биш хэдэн зуун сайхан шавь нар байна. Миний энэ номыг бүтээлцэхэд энд тэндхийн өчнөөн олон шавь минь оролцлоо. Одоо бол би үүнд эмзэглэх юм байхгүй. “Хагас зуун жилийн ганцаардал” гэж дурдатгалын номдоо хангалттай бичсэн шүү дээ. Хойч үедээ санамж болгож спорт ийм байдаг юм шүү гэж бичсэн хэрэг л дээ. Хаанахын ч спортын салбарт ийм зүйл байж л байдаг. Хамгийн гол нь хэмжээ дамжаатай л байх ёстой. Дээшээ халиад улс төртэй хутгалдаж болохгүй.
-Таныг Бөхийн өргөөг авах гээд үзэлцээд байдаг гэсэн яриа байдаг даа?
-Бөхийн өргөөг надад мөнгөөр өгсөн ч би авахгүй гэж байгаа шүү дээ. Би өөрийн дөрвөн өрөө байраа хоёр өрөө болгодог юм бил үү гэж бодоод яваа хүн. Хөгшин бид хоёр одоо хоёулхнаа амьдарч байна. Дал, наян метр квадрат өрөө чинь томдоод байна шүү дээ. Цэвэрлэхэд ч хэцүү юм. Байраа жижиглэж хоёр өрөө болгодог юм бил үү гэж байхад Бөхийн өргөөгөөр юугаа хийдэг юм. Тэр новшийн хог шороог цэвэрлэнэ гэж лай байхгүй юу. Надад энэ тухай бодсон бодол нэг ч удаа байхгүй. Ер нь бөхчүүд дотор хувьчилж авъя гэж бодсон хүн нэг ч байхгүй.
-Ач, зээ нараас чинь бөх болчихоор хүн анзаарагдаж байна уу?
-Байгаа байгаа. Бэлтгэлээ хийцгээгээд байж л байна. Би ч өөрөө бэлтгэл сургууль хийгээд зовлон их үзсэн болохоор нэг их бөх болгочихъё гэж хүчлээд байдаггүй юм. Өөрснөө л мэдэг. Барилдвал барилдаад, барилдахгүй бол байг. Заавал миний зовлонг туулж, миний замаар явах албагүй шүү дээ.
-Та ч сүүлийн жилүүдэд морь мал сойгоод уяач болоод байгаа даа. Адуу чинь хаагуур нутаглаж байна?
-Адуу маань Төв аймгийн Сэргэлэн суманд байна. Богд уулын энгэрт хэсэг нь байгаа. Гачууртад манай хашаанд ч байна. Адуун дээрээ саяхан хүртэл очоод л ирлээ. Энэ номын их ажлаас болж би сүүлийн арван хоёр жил маш их завгүй байлаа. Мэхний зураг авдаг хүн, шивдэг бичээч хоёр гэхэд арван хоёр жил надтай адил зав зайгүй шахуу л ажиллалаа. Зураг авахуулдаг хүүхдүүд, зураг авах газраас өгсүүлээд их л ажил болж байж гурван ботио гаргалаа даа.
nergui · 2017/01/30
Ene nomiig haanaas avah be