Вим Кок: Голланд загварыг Монголд шууд буулгах боломжгүй
2013/03/05
Голланд Улсын Ерөнхий сайд асан Вим Коктой цөөн хором ярилцлаа. Тэрбээр Монголын эдийн засгийн чуулганд оролцож, Голланд өвчнөөс сэргийлж чадсан туршлагаа хуваалцсан юм.
-Монголын эдийн засгийн форумын үеэр эдийн засгийн төрөлжилтийн асуудлыг хөндөж ярилаа. Голланд улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлсэн байдаг вэ, Монголын тухайд нөхцөл байдал хэрхэн харагдаж байна?
-Голланд улсын хувьд эдийн засгаа аль болох төрөлжүүлэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Бидэнд байгалийн баялаг гэх зүйл Монголтой харьцуулахад тун хомс. Гэхдээ Голланд өвчнөөс улбаалаад бидэнд эдийн засгаа төрөлжүүлэх, тэр дундаа худалдаа, бусад салбарын хөгжлийг анхаарах шаардлага гарч ирсэн. 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үед бидний өрсөлдөх чадвар Ази, Африкийн зарим оронтой харьцуулахад үнэхээр муу байсан. Ялангуяа, оёдол болон усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт. Энэ алдаан дээрээсээ улбаалаад, тодорхой арга хэмжээ авсны үр дүнд өнөөдөр Голландын усан онгоцны үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх чадвараараа дээгүүрт орж байна. Эдийн засгийн гол тулгуур нь үр ашиг байдаг. Тийм учраас бид мэдээллийн технологийг нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх, хийж буй бүтээгдэхүүнийхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын асуудлуудыг гаргаж тавьж байгаа. Би хөдөө аж ахуйн салбарын жишээг дурьдмаар байна. Голланд бол маш хязгаарлагдмал газрын нөөцтэй. Ердөө 40 мянган метр квадрат газар нутагтай. Энэ бага газар нутгаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аль болох өндөр өгөөжтэйгөөр гарган авч, нөөц бололцоогоо хэрхэн илүү үр ашигтай ашиглах тал дээр анхаарч ажилласан. Миний дурьдсан зүйлүүдийн тухайд Монголд ч бас хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.
-Эдийн засгийн өсөлтийг нийгмийн асуудлуудтай хамт шийдэх Голланд туршлагын тухай ярьж байсан. Энэ арга Голландаас өөр ямар оронд хэрэгжсэн байдаг вэ, Монголд хэрэгжих боломжтой юу?
-Голланд модель ихэвчлэн хойд Европын орнуудад хийгдсэн. Өнөөдөр Испани, Итали зэрэг орнуудтай харьцуулахад хойд Европын орнууд илүү өрсөлдөх чадвартай байгаагаар үүний үр дүнг харж болно. Гол нь нийгмийн асуудлаа давхар шийдэж чадсанд байгаа юм. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн аюулгүй багцийг бүрдүүлэхийн тулд тухайн орны олон нийт үүнийг төлөх бүрэн чадвартай байх ёстой. Ер нь яагаад Голландын загвар дээр энэ сайн хэрэгжсэн бэ гэхээр нийгмийн халамжийн сагсыг бүрдүүлэхэд тухайн улс орны олон нийт үүнийг төлж чадна гэсэн итгэл үнэмшил, бэлэн байдалтай байсан учраас энэ модель амжилттай хэрэгжсэн. Миний ойлгож байгаагаар зөвхөн Голландад ийм модель байдаг. Үүнийг савлаж, битүүмжлээд, бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа юм шиг Монголд хэрэгжүүлээд үр дүн нь гарахгүй. Үүнд голландын өөрийнх нь онцлог бас шингэсэн байгаа.
-Голланд улс хэрхэн ийм богино хугацаанд амжилтад хүрсэн гол нууц нь таны бодлоор юу вэ. Монголын тухайд жишээ нь эдийн засгийг төрөлжүүлэх асуудал сүү-лийн хэдэн жилийн турш яригдлаа, одоо болтол тийм ч сайн үр дүн гараагүй байна?
-Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 оноос хойш хүчирхэг эдийн засагтай, баялаг нийгмийг бүтээх ёстой юм байна гэсэн хүсэл эрмэлзэл бид бүгдэд байсан. Хүчирхэг эдийн засагтай болъё гэсэн итгэл найдвар байгаад, тэр итгэл найдвараа биелүүлэх бодит алхмаа хийж байсан учраас бодлого амжилттай хэрэгжсэн.
-Таныг Голланд улсын Ерөнхий сайдаар ажиллаж эхлэхээсээ өмнө үйлдвэрчний байгууллагыг тэргүүлж байсан гэж сонссон. Эдийн засгийн хөгжлийг нийгмийн асуу-далтай хамт авч явахад тань энэ туршлага хэрэг болсон тал байгаа юу?
-Голланд модель надтай надгүй Голланд улсад хэрэгжих байсан байх. Гэхдээ үүнээс хамгийн чухал ойлгож байгаа нэг зүйл нь нэг ширээнд, нэг цаг мөчид суугаад, асуудлаа яриад, харилцан ойлголцох ёстой. Энэ нь биднийг Голланд өвчнөөс гарч чадахад хамгийн том давуу тал болсон. Миний хувьд Голланд улсад энэ моделийг хэрэгжүүлж эхлэх тэр цаг үед нь ажиллаж байснаараа үүнтэй холбогдож байгаа. Мэдээж миний үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан туршлага маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.
-Ярилцсанд баярлалаа
Л.Энхдэлгэр
social bookmark · 2013/06/10
ZxXDgA wow, awesome blog article.Thanks Again. Fantastic. http://crk.com/
social bookmark · 2013/06/05
iVSDR7 I really enjoy the article.