Бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг илрүүллээ
2017/01/30
Худалдан, борлуулах зорилгоор бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын харьяат Э гэгч нь бөхөн гөрөөсний 78 ширхэг эврийг бусдад худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан хэргийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Сэжигтэн Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих тухай заасан байдаг бөгөөд 203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.