Kоксжих нүүрсний үнэ түүхэн амжилтаа давтах уу?
2017/01/31
Ж.ЦОГЗОЛМАА
Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эд. Тийм ч учраас манай гаригийн хамгийн үнэтэй эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог. Манай улсын Тавантолгойн орд дэлхий дээрх энэхүү баялгийн хамгийн том үүц хэмээн зүй ёсоор багтсаар ирсэн билээ.
2011 онд анх удаа нэг тонн нь 308 ам.доллар давж байсан энэхүү шатдаг “чулуу”-ны үнэ энэ онд хэд хүрэх бол гэсэн хүлээлт уурхайгаар төсвөө тэжээдэг улс орон бүрт бий болоод байна. Өнгөрсөн жил нэг тонн нь 130-150 ам.долларт хэлбэлзэж байсан бол энэ сарын эхээр 208 “ногоон” давсан нь өмнөх түүхэн амжилт давтагдах нь гэсэн дам горьдлогыг бий болгоод байгаа билээ.
Энэ зах зээлийн галыг ноцоож байдаг гол хүч нь Энэтхэг, Хятадын импорт. Үүнд мэдээж Бээжин жин дардаг.
Их цагаан хэрмийн худалдан авагчдын сонирхол, идэвх ханшийн самбар дахь үнийг өөрийн дураар өөрчилсөөр ирсэн. Сүүлийн жишээ гэхэд, өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Хятадын Цагаан сар эрэлтийг сулруулах шалтгаан болоод байгааг хэвлэлүүд онцолсоор байна.
2011 онд анх удаа 308.80 ам.долларт хүрч байсан энэ бүтээгдэхүүний үнэ энэ сарын 20-нд 136 ам.долларт хүрсэн юм. Түүнээс гадна энэ жил АНУ металлургийн есөн сая тонн нүүрс нэмж экспортлох төлөвтэй.
Ийнхүү үнийн хандлага дөнгөж тодорч эхлээд байхад биржүүдийн ханшийн хоорондын ялгаа хэдийнэ 100 ам.доллараас даваад байна. Тухайлбал, энэ оны эхний улиралд Австралийн уурхай болоод Японы гангийн үйлдвэрлэгчдийн гэрээгээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 285 ам.доллар байхаар төлөвлөсөн нь бий. Талууд ханшийг янз бүрээр ийн тодотгож байгаа нь үнэ сэргэх найдлага бөхөөгүйг гэрчилж байгаа юм.
Тэгээд ч Сингапурын хөрөнгийн биржийн урьдчилан таамаглаж буйгаар энэ зах зээл өнгөрсөн хоёр жилийнхээс өсөх хандлага ажиглагджээ. Бас дэлхийн нүүрсний томоохон олборлогчдын нэг Австралийн South32, Anglo American зэрэг уурхайнууд энэ жил бүрэн хүчин чадлаараа ажиллахаар хэдийнэ шулууджээ.
Өнгөрсөн жил үнэ эргэн өссөний шалтгаан юу байв гэсэн асуултын хариулт тун энгийн. Урд хөрш дотоодын уурхайнуудынхаа олборлолтыг хязгаарласан нь далайн чанадаас импортоо үүцлэх том даалгаврыг бий болгосон юм.
Гаалийн мэдээллээс харвал өнгөрсөн онд Хятад улс 59.23 сая тонн металлургийн нүүрс импортолсон нь өмнөх жилийнхээсээ 23.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Утааны гаралтыг бууруулахын тулд Засгийн газар нь дотоодын нүүрсний олборлолтыг хязгаарласнаар хятадуудын дунд гангийн эрэлт өсч, улмаар коксжих нүүрсний үнэ ч нэмэгдсэн билээ. Луунуудын энэ шийдвэр 2016 оны турш үнэ тогтвортой өсөхөд тууштай нөлөө үзүүлсэн юм.
Харин одоо бол олон улсын томоохон уурхайнууд олборлолтынхоо сүүлийн үеийн мэдээг тайлагнаж эхэлжээ. Тухайлбал, Лондон, Их Британи, Өмнөд Африкт төвтэй “Anglo American” групп өнгөрсөн жилийн турш 34.1 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолсон нь өмнөх жилийхээс найман хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ зуур Австрали, Колумбын эрчим хүчний нүүрсний олборлолт дөрвөн хувиар буурсан байна.
Манай орны хувьд коксжих нүүрсний томоохон орд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж буйгаараа дэлхийн зах зээлийн шинэхэн тоглогч. Энэ ордыг бүрэн хүчин чадлаар нь олон улсын биржүүдэд хүргэх урт настай мэтгэлцээн үргэлжилсээр буй.
Энэ ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 20-нд “Цанхийн баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 71.5 ам.доллараар борлууллаа” хэмээн мэдээлэл нийтэлжээ. Энэхүү мэдээлэлд “Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн Баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэхээр боллоо. Энэ бол “Эрдэнэс-Таван толгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм” хэмээн тэмдэглэжээ. Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, 12 дугаар сараас 50 ам.доллар, 2017 оны 1 дүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж байгаа бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сарын 15-нд 71.5 ам.доллараар борлуулсан байна.
“Эрдэнэс-Таван толгой” ХК 2013 онд Цагаанхад боомтод тээврийн зардал оруулан 70 ам.доллараар борлуулж байсан бол өнөөдөр уурхайн амнаас 71.5 ам.доллараар зарж байна.
Тус компани 2015 онд 4.2 сая тонн, 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортлосон бол энэ онд нийт 11.5 сая тонн нүүрс экспортлож, “Чалко” компанид төлөх үлдэгдэл өрийг ойрын хугацаанд бүрэн барагдуулахаар ажиллаж байгаа аж.