Амьтан хорвоо дээр бор зүрхээрээ амьдарч үхэх сэхэхийн төлөө тэмцдэг. Харин хүн бол төрийн иргэн Үндсэн хуулийн шалтгаан, хүний амьдралын баталгааны зорилго тул бор зүрхээрээ амьдрах биш амьдрал нь баталгаажигдах онолтой.

Бор зүрхээрээ амьдрахыг төгсгөхийн тулд төр хэрэгтэй гэж философич Хоббэс төрийн онолын тухай номондоо[1] бичсэн. Улстөрийн бүхий л онолууд гэж нэрлэгдэх социализм, коммунизм, ардчилал, либерализм, капитализм, консерватизм гэх мэт онолуудад хэзээ ч хүнийг бор зүрхээрээ амьдрах хэрэгтэй гэж бичээгүй. Улстөрийн онолуудыг бичсэн сонгодог философичид хүн хэрхэн амар амгалан амьдарч бусдын боол болж бусдад мөлжүүлэхгүйгээр амьдрах хамгийн сайн онолыг бүтээхийн төлөө ажилладаг.

Улстөр ерөөсөө хүний төлөө хийгдсэн болохоос биш шашинтай хувь заяа, хувь тавилан үүнээс дээш амьдрал хүмүүст заяагаагүй гэж номлоогүй. Харин шашины номлол үүнээс дээр амьдрал байхгүй битгий илүү зүйл хүс зөвхөн бидний хэлснийг сонсоод л дуугүй яв мөрөө хөөгөөд мөлх гэж тархи угаадаг.
 
Тархи угаалтын тухай анх Америкийн сэтгүүлч Эдвард Хантэр[2] 1951 онд бичжээ. Тархи угаалтын зорилго зөв бурууг ялгахгүй болтол нь бас өөрийгөө удирдаж чадахгүй болтол нь зорилгодоо ашиглан хүнийг өөрчлөх гэжээ. Сэтгэлээр унагаахад тархи угаах шууд боломжтой. Иймэрхүү аргуудыг улстөрийн тархи угаалтад их хэрэглэдэг байсан бөгөөд өнөөдөр шашины нэртэй мухар сүсгийн байгууллагууд ихэд хэрэглэх болжээ. Тархи угаалт хэрхэн явагддаг вэ гэхээр хүний нойр хасах, хүйтнээр дааруулах, ганцаардуулах, өлсгөх, цангаах, нэргүй болон хаяггүй болгох бөгөөд үүний дараа гэнэт авралын од гарч ирэн гараа сунгаж тусламж үзүүлэх эсвэл халамжилж эхлэхэд хүн юу ч хэлсэн үнэмшиж хүн биш, амьтан болдог ажээ.
 
Хүнийг айдас, өөртөө итгэлгүй байх, өөрийгөө доогуур үнэлэх явдал амархан эндүүрэлд хүргэх ба тиймээс нөлөөлөхөд хялбар. Төр төмөр нүүртэй эсвэл элгээр нь хэвтүүл гэсэн айдас хүргэсэн, хүнийг доогуур үнэлсэн зориуд тархи угаах гэсэн оролдлогууд бас л амжилтанд хүрсэн явдал эгдүүцмээр. Зах зээлийн хуулиараа үнэ өссөн гэж хаа ч үгүй хуулийг байдаг мэт тулгасан тулгалт бас л хомсдолд оруулж чөлөөт биш харин ч дарангуйлалтай зах зээлийг хамгаалж буй тархи угаалт. Төр харийн дайсны эсрэг төмөр нүүр гаргадаг, төр гэмт этгээдийн эсрэг төмөр нүүр гаргадаг. Эзэрхэг дайсныг элгээр нь хэвтүүлдэг, зальт этгээд хууран мэхлэгчидийг элгээр нь хэвтүүлдэг.
 
Үндсэн хууль үйлчилдэг болохоос биш зах зээлийн хууль үйлчлэхгүй. Зах зээлийн хууль гэж хаа ч үгүй. Төр, нийгэм, иргэний тухай онолуудыг үнэлэх үнэлэмж алдагдсанаар төр гэсэн ойлголтыг хэтэрхий эсэргүүцэлтэйгээр ярих боллоо. Хэрэг дээрээ төр бол сайн тулгуур түшиг байх онолтой. Дэлхийн хөгжилтэй орнууд өөрсдөө төрийг чухалчилдаг. Банкны эзэд болон газрын тосны компануудын эзэд төрийг устгаж тэдний оронд төр болох гэж оролдсон хэвээр. Төрийн албыг буруугаар ашигласнаар орчин үеийн төрийг завхруулагчид төрийг үнэгүйтүүлнэ. Төрийг үнэгүйтүүлэгчид удам дамжин УИХ-ын гишүүн болох гэж зүтгэцгээнэ.
 
Эр нөхөр эсвэл ах эгч дүү нараа залгамжилан улстөрч болгох гэсэн олон хүмүүс төрийн ариун байдлыг алдагдуулсан. УИХ-ын гишүүн өөрийнхөө хүүхдийг ямар ч үнээр хамаагүй улстөрд оруулж УИХ-ын гишүүн болгох гэж буй үйлдэл нийгмийн хөгжлийг боймлож феодлын нийгмийг авчрах гэсэн гэмт үйлдэл. Орчин үеийн төрийг үнэгүйтүүлэгчид намыг олон нийтийн байгууллага гэдгийг үл ухамсарлаж төрийн байгууллага мэт хэт түрэмгийлсэн үйл ажиллагаа явуулж буй жишээ олон. Хэвлэл мэдээллийн эцсийн зорилго бол засаг төрд ажиллах эрх мэдэлтнүүдийг шүүмжлэх. Захиргаадалт, дарангуйлал, дарамтлал гэх мэт иргэний нийгмийг боймлож айлган сүрдүүлж хээл хахуульдаж амиа аргацаах гэсэн арчаагүй үйлдлүүдийг илчилж бүхий л эрх мэдлийн хэт давралтыг таслан зогсоох нь хэвлэл мэдээлэлийн мэргэжлийн онцлог.
 
Хүмүүс цугларан амьдарч амьдрал бүрэлдэн тогтож бэхжихэд хэвлэл мэдээлэл өөрийн гэсэн үүргээ биелүүлэх учиртай. Хэвлэл мэдээлэл тархи угаалтын эсрэг тэмцэх үүрэгтэй дөрөв дэх хүчний байгууллага.
 
 
С.Молор-Эрдэнэ “Монголын Гэрээ” номоос