Өнгөрсөн өдрүүдэд Эх орныхоо төлөө хандив цуглуулах аяны талаар дээр дооргүй хэлэлцэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү санаачлагыг анх гаргасан эдийн засагч Б.Осоргаравыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзах үеэрээ Засгийн газар иргэдээсээ хандив авах шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ,  манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн, бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай.  Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна.  Хамгийн гол нь би таны эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилгыг хүндэлж, бас үнэлж байна гэлээ.

Ямартаа ч улс төрчид эхнээсээ хандив өргөж байгаа ч Засгийн газар маань өрөө төлж чадна гэж мэдэгдээд байна. 

С.Отгон