УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн хүүхдийн сувилалд халуун тогоо, зөөлөн тоглоомууд бэлэглэлээ
2017/02/01
УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойрогтоо долоо хоног бүр очиж ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн 41 дүгээр клиник сувилалд ажиллалаа. Уг сувилалын хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг гуравхан клиник сувилалын нэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн суурь өвчтэй 1-2 насны хүүхдүүдийг хүлээн авч асардаг юм. 2016 онд тус сувилалын шинэ байрны өргөтгөл ашиглалтад орсон ч тавилга, гал тогооны хэрэгсэл, тоглоом хүүхдийн ор зэрэг тохижилтод зориулсан төсөв мөнгө тавигдаагүйгээс нэгдүгээр сарыг хүртэл ажиллах боломжгүй байжээ. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон зарим төрийн бус байгууллагууд тохижилтын үйл ажиллагаанд тусалж хувиасаа дэмжлэг туслалцаа үзүүлсэн учраас саяхнаас хүүхдүүдээ авч эхэлжээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд БСШУСЯ-ы дэргэдэх тус сувиллын харьяаллыг ЭМЯ-нд шилжүүлэх талаар сайдад нь уламжлаад байгаа юм. Учир нь уг сувилалыг ЭМЯ-ны харъяанд шилжүүлснээр багш, сувилагчдын цалингийн нэмэгдэл шийдэгдэхээс гадна зуны сарын хугацаанд хүүхдүүдийг хүлээн авах боломжтой болох юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Уг сувилал маань өргөтгөлийн шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авах гэтэл доторх тавилга хэрэгсэл, ор дэр, гал тогооны тавилгууд гэх мэт маш олон зүйлүүд дутуу байсан. Гэхдээ уг сувилалын тохижилтонд олон сайхан сэтгэлтэй хүмүүс туслалцаа дэмжлэг үзүүллээ. Тухайлбал, дүүргийн засаг дарга болон олон төрийн бус байгууллагууд тусалсан. Миний хувьд гал тогооны дутуу хэрэгслүүдийг авч өгч бэлэглэлээ. Суурь өвчтэй хүүхдүүд зөөлөн тоглоомоор тоглодог. Гэтэл ийм тоглоомгүй байсан. Энэ тоглоом болон бусад шаардлагатай зүйлүүдийг мөн өглөө. Үүний үр дүнд хүүхдүүд маань хэвийн тохь, тухтай нөхцөлд хүмүүжих боломжтой болж байна. Уг нь энэ сувилал маань Эрүүл мэндийн яамны харъяанд байх ёстой. Учир нь энд мэргэжлийн сувилагчид онцгой нөхцөл байдалд ажиллаж байна. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл энгийн цэцэрлэг шиг Боловсролын яаманд харъяалагдаж байна. Бусад цэцэрлэгээс ялгарах онцлог нь хүүхдийг сургахаас гадна асрах ажлыг хийж байгаа. Тэгэхээр багш нар нь нэмэгдэлгүй ажиллахаас эхлээд асуудлууд байдаг. Ажилчид болон багш нар маш их ачаалалтай ажиллаж байна. Тиймээс Эрүүл мэндийн яамны харъяанд шилжүүлэх саналыг би сайдад хүргүүлсэн. Харъяаг нь эрүүл мэндийн яаманд шилжүүлээд боловсролын яам дэмжээд явчихад болохгүй зүйлгүй. Улсын хэмжээнд гуравхан клиник сувилал байдаг учраас төрийн хэмжээнд анхаараад ажиллах ёстой” гэж хэллээ.