ОХУ-ын автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” компани дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ руу энэ оны эхээс автомашинаа экспортолж эхэлжээ. Тус компани мөн Ойрхи Дорнод руу хүрээгээ тэлэн АНЭУ руу бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн байна.

“АвтоВАЗ” дээрх хоёр улс руу “Lada 4x4” спорт загварын автомашинаа экспортолж байгаа аж. Тус компанийн түнш болох “Asia Auto” компани энэ загварын автомашиныг Казахстанд угсарч байгаа гэнэ.

2016 онд “АвтоВАЗ” компани 20 мянган автомашин экспортолсон бөгөөд энэ онд экспортоо 50 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна.

“АвтоВАЗ” нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд төдийгүй Герман, Иран, Сири, Египет болон Унгарт бүтээгдэхүүнээ экспортолдог.

Тус компани Чех, Монгол болон Зүүн Өмнөд Азийн улсууд руу зах зээлээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Г.Доржханд

montsame.mn