Өнгөрч буй долоо хоногт Эх орныхоо төлөө уриатай хандивын аян зарласан талаар иргэдийн дунд нэлээд маргаан дэгдээсэн яриа болсон билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар иргэдээсээ хандив авч өрөө төлөх хүртэлээ дампуурчихаагүй байгаа гэдгээ илэрхийлсэн ч иргэдээс ирсэн хандивын данс нээж үүнийг ил тодоор зарла гэсэн чиг үүрэг өгсөн билээ. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг , түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй. Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд  ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг  Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна гэж тэрбээр мэдэгдэж байсан юм. 

Дээрх хандивын уриалгад нэгдсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 10 сая төгрөг хандивлахаар болсон ч одоогоор хэн нь хэнд гардуулж өгсөн нь тодорхой бус байгаа юм. 

Харин одоо эдгээр хандив нь албан ёсны дансанд буюу дараах дансад байршихаар болжээ. 

Энэ дагуу Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээснийг мэдээллээ. Үүнд:

 

Төрийн сан 100900080800 Хандив MNT,

Монгол банк 3332444 Хандив USD,

Төрийн банк 106030080800 Хандив MNT, USD

 

Дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.

Ямартаа ч хандивын дансаа нээн үүнийгээ ил тодоор зарлах байх. Харин үүнд энгийн иргэд хандив илүүчлэх нь юу л бол. Тиймээс идсэн уусандаа гэмшээд их хэмжээгээр улсаас мөнгө залилсан этгээдүүд нэг ч гэсэн удаа буруугаа гэмшин эдгээр дансанд мөнгө хандивлаад байвал илүү дээр болов уу.