Хөөт-Бичигтоийн төмөр замын ажлыг хавраас эхлүүлнэ
2017/02/05
Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар дамжуулан БНХАУ, ОХУ-ыг төмөр замаар холбох мега төслийн эхлэл нь Хөөт-Бичигтийн чиглэлд ган цариг зурайлгах юм. Энэ чиглэлд төмөр зам тавих санхүүжилтийг хараахан шийдвэрлэж чадаагүй байгаа ч Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Барилгын ажлыг энэ хавраас эхлүүлнэ” гэж зоримог дуугарч байна.
Хөөтийн бүлэг ордоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт хүртэл 234 км зайтай. Ийм зайд нарийн буюу 1435 мм-ийн өргөнтэй төмөр зам тавихад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг Хятадын Зураг төслийн гуравдугаар хүрээлэн боловсруулсан байна. Хөөт болон төмөр зам дагуух ордууд 556 сая тонн эрдэс баялгийн нөөцтэй нь баттай тогтоогджээ. Тэгвэл тэдгээр ордын бодитой нөөц нь нэг, боломжит нь гурван тэрбум тонн хүрдэг гэнэ.
Өөрөөр хэлбэл, Хөөт-Бичигтийн төмөр замын дагуух ордуудын нөөц цаашид нэмэгдэх магадлал тун өндөр гэсэн үг. Гянтболд, цайр, хайлуур жонш, ураны хүдэр, хар тугалга, газрын тос, төмрийн хүдэр, занар, зэс, молибден, нүүрсний орд газар төмөр замын дагуу оршдог аж.
Бичигт нь газар зүйн байршлаараа Хятадын зүүн эрэгтэй хамгийн ойр боомт. Өмнө нь АНУ-ын “Маккензи” компаниар Хөөт-Бичигтийн төмөр замаар Тавантолгойн коксжих нүүрсийг далайн боомт руу тээвэрлэх боломжийг судалж байлаа. Тэгвэл өдгөө зүүн коридорын эдийн засгийн өгөөжид Тавантолгойг оруулж тооцохоо больж, транзит тээврийг гол тулгуураа болгов. Цаг үе хийгээд монголчуудын амбийц ийн өөрчлөгджээ.