Хэлсэн ярьсанаа санадаггүй хүмүүсээр төр засгаа удирдуулж суугаа нь үнэндээ бидний хохь. Энэ удаагийн Засгийн газрынхан Ерөнхий сайдаасаа авхуулаад бүгд нэг иймэрхүү өчтэй аж. Ерөнхий сайд маань л гэхэд урд өдөр нь нэг өөр юм яриад өглөө босонгуутаа бас нэгийг яриад л байдаг. Бүр сүүлдээ ийм өвчнийг уучлан өрөвдөж боддог болж. Засгийн газрын хэрэг эрхлэх албаны дарга Ж.Мөнхбат ч мөн л ийм төрлийн өвчтэй. Жил хүрэхгүй хугацааны өмнө төв талбай дээрээ давхар дээлийг эсэргүүцэж явсан ч өнөөдөр хамгийн том, хамгийн зузаан давхар дээлийг өмсөж буй.

Гэтэл энэ өвчин халдвартай болох нь батлагдаж байх шиг байна. Өнгөрсөн долоо хоногт Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол жуулчлалын шугамаар Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ГХЯ-тай ярилцаж байгаа хэмээн хэлсэн билээ. “За ингээд тусгаар тогтнолоо тавиад туучихаж мэдэхээр асуудлаар оролдож эхэллээ” хэмээн цахим орчинд хүмүүс шуугиж эхлэв. Тэгэхээс ч яах билээ Төрийн сайд хүн төрсөн биеэрээ сууж байгаад өөрийн амаар, өндөр дуугаар хэлсэн юм чинь.

Харин энэ талаар ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил тайлбар хийжээ. Тэрбээр  “БНХАУ-ын 10-20 хүн нэг дор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, визийн асуудлыг хөнгөлнө гэсэн үг.  Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “Бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”.  Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийг визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн” гээдхэв.

Яг хэнийх нь үгэнд итгэх хэрэг вэ?

Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр үнэхээр Д.Оюунхорол андуурав уу? Аль эсвэл өнөөх л мартаж санадаг, юу ч хамаагүй ярьж эхэлдэг халдварт өвчин нь хүндэрсэн хэрэг үү? Ямар ч байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас анх илэрсэн энэхүү “Худлаа ярих” өвчин танхимынх нь гишүүддэд халдварлаж, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол тэргүүтэй сайдуудад халдварласан байна. Үлдсэн сайдууд нь ч үнэндээ аль эрт халдаврлачихсан байхыг үгүйсгэхгүй. Хавар болох гэж буйг ч хэлэх үү? Тэдний өвчин зэрэг зэрэг сэдэрвэл ч...

 ardchilal.mn