УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Д.Оюунхоролын гитардаж байгаа зургийг хэн нэг нь папарацидаж цацаж орхижээ.
 
Уг нь түүнийг “хятадын жуулчдыг визгүй оруулж ирэхийг санаархсан” гэж яллаж байснаа энэ зургаас хойш үндсэн “ноцтой” асуудал нь балран бүдгэрээд харин гитардаж байхдаа согтуу байсан эсэх нь сонин болоод явчихлаа. Ач холбогдолтой асуудалд хариулт өгч болдог, харин ийм хов живэнд ардын үгээр бол “Гүжрийн үгэнд хариугүй” гэгч болдог юм байна.
 
Тиймээс “Тэснэ тэснэ гэхэд...” гэгчээр үзэг цаас шүүрэн авахаас өөр аргагүй боллоо. Яагаад гэвэл Монголчууд бид эрүүл ухаанаа алдаж, солиорлын түвшинд дөхөж байна, ялангуяа энэ ямар ч хяналтгүй сошиал медиа гэгчийн сөрөг үр дагавар нийгмийн ёс суртахуун, тогтвортой байдал, иргэдийн амгалан тайван амьдралд илэрхий заналхийлэх боллоо. Гүжир гүтгэлэг, доромжлол, заналхийлэл, үндэстний хагалан бутаргах санаархал, төр засгаас явуулж буй арга хэмжээг зориуд мушгин унагах, үл тоох анархи байдал газар авч, ёс суртахууныг уландаа гишгэж байна.
 
Ялангуяа тодорхой нэр хаяггүй, зураггүй цөөн этгээдээс ийм байдлыг санаатай үүсгэн дэвэргэж, бусад нь дүйвээнээр шуугиж, жинхэнэ гол эзэд нь нуугдаж үлддэг болсныг холбогдох газрууд анхааралдаа авч байгаа гэж найдна. Чухам ийм нөхцөл байдал Арабын хувьсгалууд, Сирийн дайн, Украйн дахь Крымын эмгэнэлт явдлын үндэс суурь болсныг хаа хаанаа анхаарч хараа хяналт, хариуцлагыг чангатгах арга хэмжээ авахгүй бол нийгмийн уур амьсгал маш эвгүй боллоо гэдгийг зориуд цохон хэлэхийг хүсч байна. Тиймээс би энд хоёр асуудлыг хөндөн шударга иргэний хувьд үгээ хэлэхийг хүслээ.
 
1. Визний асуудлыг хөндөе!
 
Эхлээд энэ гол асуудлаа тайлбарлая. Визийн асуудлын тухайд манай улс БНХАУ-тай харилцан визгүй зорчих гэрээ байхгүй юм. Албан паспортаар визгүй зорчих ёстой бөгөөд манай иргэдийн төдийлөн тоодоггүй, хүндэлдэггүй энэ “Е” серийн паспорт бол уг нь албан паспорт юм. Монголчууд өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг төдийлөн мэддэггүйн шинж л дээ. БНХАУ-ын талаас энэ паспортын талаар асуудал тавьдаг. Яагаад танай ийм олон иргэн албан паспорттай байдаг юм бэ? гэж. Албан паспортаар визгүй зорчих гэрээ хийснийхээ дараа манай улс иргэдээ албан паспортаар “хангасаны” үр дүнд Монголчууд өмнөд хөршид асуудалгүй зорчиж байгаа юм. Харин албан паспаорттай иргэд маань наймаа хийгээд байгааг өмнөд хөрш мэдэхгүй л байв гэж. Түүнээс монгол хүн бүр шууд визгүй зорчих гэрээ эрхзүйн ямар ч үндэслэл байхгүйг энд зориуд дурдая.
 
Харин Хятадад бол гадаадад явах гэдэг туйлын бэрх асуудлын нэг мөн. Учир нь тус улс хатуу хяналттай, иргэддээ чөлөөтэй виз олгох байтугай гадаад паспорт маш цөөн олгодог. Мэдээж коммунист дэглэмтэй улс учраас гадаад паспорт нь “албан” байх нь гарцаагүй. Тэр ч байтугай Төвд, Шинжаан Уйгурын автономит улсын цөөнх үндэстэн иргэд нь 60 нас хүрч байж гадаадад зорчих эрх нь нээгддэг ийм л улс. Цөөн паспорт олгогддог гэдгийг 1,4 тэрбум хүн амтай нь харьцуулаад үзээрэй. Хятадын иргэд Монголд зорчихийн тулд эндээс урилга авч түүндээ үндэслэн хатуу хяналт шалгалтын дүнд “албан” паспорт гаргуулж түүгээрээ хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Монгол улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй болдог.   
 
Аливаа улс гүрнүүдийн хооронд том багын ялгаа байхгүйгээр харилцан тэгш нөхцөлтэй гэрээг байгуулдаг. Том гүрэн хүч чадлаар түрж жижиг улсад илүү эрх эдлэх, эсбөгөөс жижиг улс ядуу буурайгаар халхавчилж том гүрэнд илүү эрх эдлэх тухай ойлголт олон улсын харилцаанд байхгүй юм. 
 
Д.Оюунхорол сайд өмнөд хөршийн жуулчдыг татах тухай асуудлыг ярьсан нь түүний эрхлэх ажлын хүрээнд шууд багтана. Учир нь түүний сайдаар ажиллаж буй яаманд аялал жуулчлалын салбар багтдаг. Улс орон эдийн засгийн гүн гүнзгий хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, гадаад валютын нөөц хомсдож, төгрөгийн ханш эрчимтэй унаж буй энэ үед Монголын хатуу ширүүн уур амьсгалын үүлэн чөлөөний нар мэт гурван сард жуулчдаас валютын нөөцөө сэлбэх тухай аль ч Засгийн газар боддог, ярьдаг л байсан. Ардчиллынхны Засгийн газрын үед ч энэ асуудлыг ярьж судлаж, өмнөд хөршид очиж туршлага судлаж байсан, энэ төрийн уламжлал үргэлжилж байна. Тиймээс энэ бол санаатай улстөржсөн явуулга манай улсад хохиролтой хандлага л гэж би бодож байна 
 
Одоо цагаан сарын өмнө юаны ханш өссөн байна. Манай худалдаачид энэ ханшийн уналтаас өндөр үнэтэй бараа татаж байна. Энэ эдийн засагт ч хохиролтой, иргэдийн амьжиргаанд ч дарамттай. Үүнийг сөрж өмнөд хөршөөс валют “хураах” ганц арга бол гарцаа байхгүй жуулчдыг нь оруулж ирээд, үдэж гаргах.  
 
Энэ ажлыг Д.Оюунхорол сайд хийх санаачлага гаргаж байна. Түүнээс дураар авирласан зүйл байхгүй, харин түүний энэ санаачилга Засгийн газар болон олон нийтээс дэмжлэг авах эсэх нь өөр асуудал. Тэр ч байтугай уул уурхай, түүхий эдийн салбарын хэт хараат байдлаас гарч аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр тусмаа түүхэн газруудыг ухаж сүйтгэхийн оронд хэвээр нь хадгалж үлдээд “эко” аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг олон нийт шахаж шаардсаар байгаа нь үнэн.
 
Ийм нөхцөлд дэлхийн хамгийн баян, үрэлгэн онцгой нөхцөл, өндөр зэрэглэлийн үйлчилгээ шаарддаггүй, бүдүүлэг боловч дэг журамтай өмнөд хөршийн жуулчдыг татах тухай ярьсанд буруутган яллах үндэс байхгүй. Бид ашигт малтмал олборлосон ч өмнөд хөршид экспортлоно, үйлдвэрлэл явуулсан ч өмнөд хөршөөс түүхий эдээ татна. Зөвхөн манай улс ч ийм байгаа юм биш, дэлхий нийтээр л ингэж байна. Энэ бол Өмнөд хөршийн тогтвортой, тууштай нээлттэй хаалганы бодлогын үр дүн. Гэтэл том гүрэн бидэнд нээлттэй хандаж байхад бид өчүүхэн айдсаасаа болоод өөрийгөө боомилж хааж болохгүй.
 
Хэрэв болчимгүй хүн бол “Тэгвэл та нар хятадад визтэй зорчих гээд үз л дээ” гэж хэрүүл хийх биз.  БНХАУ-ын ЭСЯ-наас Сансарын туннель хүрсэн урт дараалал үүсэх биз. Тэгэхэд харин манай тэр улайрсан үндсэрхэг үзэлтнүүд, хятадаас айгчид юу хийж чадах вэ? Би бодохдоо эсэргүүцэгчдийн олонх нь өмнөд хөршид наймаа хийдэг хүмүүс болов уу гэж хардаг. 
 
Өмнөд хөрш бол том зах зээл, том үйлдвэрлэгч төдийгүй эдийн засгийн өсөлт нь иргэдээ баяжуулж, томоохон аялагч улс болон хувирсан байна. Бид их далайн эрэгт тор хаяж, загас гөхидөхийн оронд өлсөөд сууж байгаатай агаар нэгэн байдалтай л байна. Янз бүрийн загас орж болно, хортой мууг нь ялгаад хаях ухаан бидэнд бий, магадгүй алтан загас ч байх юм бил үү? Хэн мэдлээ.
 
2. Папараци
 
Энэ асуудлыг хэдийгээр хоёрт бичиж байгаа боловч өмнөхөөсөө дутуугүй ач холбогдолтой. Манай иргэдийн ухамсар, төлөвшил соёлын хэм хэмжээтэй маш их холбоотой асуудал мөн. Ялангуяа энэ асуудал дээр би нам харгалзалгүй, шударга чигч байдлаар үгээ хэлэхийг эрхэм болголоо. 
 
Д.Оюунхорол бол туршлагатай улстөрч, Н.Энхбаярын үед хавчигдаж явсан, гэхдээ шантраагүй хэлэхээ ч хэлдэг хийдгээ ч хийдэг л хүн. Бас туулсан амьдралын туршлагаар хашир няхуур болсон хүн юм. Гэхдээ хүний төрөлх чанарыг юу ч далдалдаггүй, тэр дуулах учиргүй дуртай, түүндээ ч гитар тоглож сурсан, бас дуундаа автамхай санагддаг.
 
Өмнө тайлбарласан визний асуудлын дараа түүний дуугаа төгсгөж байгаа бололтой зургийг хэн нэг нь тараажээ. Д.Оюунхорол гишүүн хашир хүн учраас сайн танихгүй, эсбөгөөс өөр намын, санаатай санаандгүй “хүн алах” хүнтэй нийлж дуулж хуурдахгүй. Тиймээс энэ зургийг гарцаагүй “манайхан” л гаргасан байж таарах гээд байна.  Үүний цаана улстөрийн ямар зөрчил тэмцэл байгааг нарийн мэдэхгүй юм, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол сайдыг шахаж байгаа гэлцэнэ. Гэтэл хамгийн гайгүй ажиллаж байгаа нь эд нар. Сайн ажиллаж байгаагаа муу ажиллаж байгаа нь гүтгэн гүжирдэж харлуулдаг өмнөх нийгмээс улбаатай энэ муухай заншил манай намд дахин сэргэж, сэргэхдээ орчин үеийн техник технологийн ололтыг ашиглах байдлаар шинээр газар авч байгаад сэтгэл зовохоос аргагүй. Одоо зарим оронд сайд дарга нарт ухаалаг утас хориглодог туршлагын талаар ч ярьж эхэлсэн нь аргаа барсных. 
 
Шударгаар хэлэхэд МАН-ын улстөрчид ийм ажиллагаанд гаршсан. Хэдий бид энүүхэндээ ярьдаг ч ил хэлэхээс болгоомжилдог. Ш.Сайханбамбуу гишүүний хувь хүний хувьд тоглож салаавч гаргасан зургийг ахиад гарга даа гэж байгаад утсаараа зургийг нь авсан Б.Бат-Эрдэнэ гишүүн тарааж бөөн асуудал гаргаж л байсан. Түүнийг нь АН-ынхан шүүрч аваад хов жив болгож байсныг санаж байна. Түүнээс хаширсан болов уу? гэтэл хашраагүйгээр барахгүй бүр ч илүү ихээр даамжирсан.
 
МАН намын гишүүд утсаар ярихдаа дэргэдэх хүмүүсээ чимээгүй болохыг гуйдаг, бичлэг хийж байж магадгүй гэж болгоомжилж үгээ цэнэж ярьдаг болсон. Нэгнийхээ үгийг утсандаа бичиж аваад дарга даамалдаа “матаас” болгож сонирхуулах нь бараг л хэвшил болоод байна. 
 
Тэр арга ажиллагаандаа амтшиж түүгээр “улстөр хийж” оноо авах санаархал газар авснаас өнөөдөр нэгнээ хардаж сэрдэх нь хэрээс хэтэрч, нэг намын нэг зорилготой сайд дарга нар хүртэл хүн ёсоор уулзаж, ажил хэрэг явуулахад нэн хүндрэлтэй болчихоод байна. Өрөө тасалгаа, сандал суудал, ширээ тавиур дор чагнах аппараат байрлуусан байх вий гэж айдаг, өрөө тасалгаанууд байнга түгжээтэй, гарсан ч орсон ч хардлага дагаастай байх боллоо. Нэгнээ утсаа унтраалгүй бичлэг хийсэн байх гэж гарсан хойно нь шивэгнэдэг боллоо. Намын дотоод уур амьсгал эвдэрч үл итгэлцэл, дайсагнал газар авлаа. Өнгөрсөн сонгуулийн үеэр намын даргын өрөөнд хийсэн бичлэг АН-ынхны гарт орсон нь сандрал түгшүүрийг хэзээ ч байгаагүй хэмжээнд хүргэсэн. 
 
Өөр нэг “айдас” нэрмэсэн нь өнгөрсөн сонгуулиар Д.Эрдэнэчимэг, Г.Уянга гишүүнтэй холбоотой тархсан бичлэгийн нууц учир тайлагдсны дараа болгоомжлол намын дотоодод дээд цэгтээ тулсан. Тэр бичлэгийг одоо хотын дарга хийж байгаа Су.Батболд утсандаа бичээд намынхандаа үзүүлж явсныг олон хүн мэдэж байгаа бөгөөд түүнийг “амжилттай” ашигласанд сонгуулийн ялалтын нэг нууц байгааг сонсоод баярлахаас илүүтэй айж болгоомжилж сэрдэх явдал ихэслээ.
 
Су.Батболд гишүүн, Л.Эрдэнэчимэгийг төрсөн өдрөөр нь өрөөндөө дуудаж байгаад ийм бичлэг хийгээд авчихлаа, одоо Л.Эрдэнэчимэгийн тойрогт манай ялалт баталгаатай гэж ярьж явсан юм. Өнөөдөр энэ явдлаар төрийн ордон даяар бахархахаас илүүтэй зэвүүцэж байна. Дэргэд нь байсан АН-ын болон манай намын эрчүүлийн хувьд шившигтэй нь гэмгүй эмэгтэйчүүдийг хорлосон тэр хов живийн талаар нэг нь ч ам ангайхгүй байгааг зэвүүцэн шивнэлдэж байгаа ч үнэндээ бүгдээрээ дор бүрдээ амиа хоохойлж, айж байгаа учраас яалт ч байхгүй амаа хамхихдаа тулсан байна. Ингэж сануулсаар байтал Д.Оюунхорол сайдын зураг гарсан нь бүр ч эмгэнэлтэй явдал боллоо. 
 
Д.Бямбацогт гишүүний С.Одонтуяа гишүүн, Б.Болор гишүүний зургийг төрсөн өдрөөр нь эвгүй байдалтай аваад тараасны дэргэд бол энэ илүү аюултай юм гэж айж байна. Чухам тийм учраас саяхан манай намын эмэгтэй гишүүдтэй холбоотой бичлэгүүд дараалан гарч, монтажлан түгээснийг санамсаргүй хэрэг явдал биш гэж үзэж УИХ-ын аппаратад буй ажилтнуудыг шалгаж, ажлаас халах хүртэл хариуцлага тооцож, дахиж ийм явдал гаргуулахгүй байх талаар хатуухан сануулга өгөхдөө тулаад байна. Миний бие өөрийнхөөрөө дүгнэхэд үргэлж эмэгтэйчүүдтэй л холбоотой ийм зураг бичлэг тараад байгаа нь манай намын төдийгүй Монголын эрчүүлийн арчаагүй өчүүхэн байдлыг илчлээд байна л гэж харж эмзэглэж байна.
 
Энэ орчин үеийн матаас, арчаагүй үйлдлийг хийгчид хэзээ нэгэн цагт илчлэгдэнэ гэж найдаж байна. Үнэндээ ил тод болсон ч хэн ч тэр талаар зориглон дуугарахгүй байгаад хэргийн учир бий гэж үзсэнээс би зориглон энэ талаар бичиж байна. Миний хувьд эрхэлж буй ажил төрөлтэй холбоотойгоор өөрийн нэрийг нуух гарцаагүй шаардлагатай байгааг хүндэтгэн үзнэ гэж найдаж байна. Гэхдээ би шударга үнэн явдлыг хэлсэн, тиймээс нэрээ нуусан ч үүргээ гүйцэтгэсэн гэж бодож сэтгэл тайвширч байна. 
 
Нийгэмд төдийлөн ач холбогдолгүй зураг, бичлэгээр улс нийгмийн хөгжилд тустай, хямралтай үед авч хэрэгжүлэх шаардлагатай олон арга хэмжээг зохион байгулалттай тасалдуулснаар хэн ч хожихгүй, нийтээрээ хохирч үлддэг. Эцэстээ Засгийн газар ч УИХ ч юу ч хийхгүй байна гэж шүүмжлүүлдэг энэ байдал улстөрийн өрсөлдөгчдөд шүүрэн авах таатай боломж өгч, алсдаа намын нэр хүнд, ойртон буй болон 2020 оны сонгуульд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрснийг намын болон төр засгийн удирдлагууд анхааралдаа авна гэж найдаж үүнийг бичлээ. Ялагдсаны дараа булай булхайгаа дуудалцаж нэгнээ шившиглэж намын дотоод эв нэгдэлд хортой нөлөөлөх муу муухай заншил нэгэнт бий болоод байгааг анхааруулах нь миний үүрэг гэж бодож зориглолоо...  
 
Ц.Хүрэлсүх