Тэрэлжээс эхлээд төрийн ордонд дуусаагүй “яриа”
2017/02/07
Долоон жилийн өмнө МАХН /тэр үеийн нэрээр/-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.
Тэр үед ингэж “Гацуурт”-ын Л.Чинбатын Тэрэлжид байгуулаад удаагүй байсан таван одтой зочид буудлыг гайгүй сайн рекламдсан гэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь халхавч болж, 2010 оны есдүгээр сарын тэр нэгэн өдөр олон асуудлыг шийдсэн гэдэг юм билээ.
Тэгвэл МАН өнгөрсөн Баасан гарагт Тэрэлжид дахин хурал зохион байгуулжээ. Гэхдээ тэр хурлаас Тэрэлжийн тунхаг гарахгүй. Учир нь МАН-ын нууц хурал юм байна.
Баасан гарагийн чуулганаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа эрх баригчид тэр чигээрээ Тэрэлжийн зүг хөдөлжээ. Ерөнхийлөгчөөс бусад албан тушаалтнууд тэнд очсон юм билээ. Энэ удаад МАН-ынхан Улаанбаатараас 62 км, Горхи-Тэрэлжийн Мэлхий хаднаас нэг км-ийн зайд байрлах Resort World Terelj Hotel хэмээх дөрвөн одтой зочид буудлыг сонгожээ.
Энэ нууц хурлын санаачилга, урилга нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гарсан байна. Тэд гишүүдийг Тэрэлжид ийн аваачиж, Тавантолгойн ордын ашиглалтын гэрээ, "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалын талаар “ярилцсан” гэнэ.
Тодруулбал, Тавантолгойн ордыг он солигдохын өмнөөс яригдсан хувилбараар “Шинхуа”, “Энержи ресурс”-т ашиглуулж байж гуравдугаар сарын 21-нд төлөх 580 сая ам.долларыг босгох боломжтой. Цаашилбал, улсын эдийн засаг сэхээ авахад Тавантолгойн гэрээг байгуулах шаардлагатай байгаа тухай гишүүдийг ятгажээ.
Гэвч Тэрэлжийн энэхүү нууц хурлаар бүх гишүүн “За” гэж хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын удирдлагууд гишүүдээ зөвшөөрүүлж чадалгүй ирсэн байна. Гэсэн ч тэд төлөвлөгөө ёсоороо Тавантолгойн гэрээг өчигдөр УИХ дахь бүлгийнхээ хуралд орууллаа. УИХ-ын намрын чуулганыг энэ сарын 10 буюу Баасан гарагт завсарлуулна, энэ хооронд Тавантолгойн гэрээг зурж баталгаажуулж амжина хэмээн тооцоолж буй ажээ.
Бүлгийн хурал үдээс өмнө эхэлж, үдээс хойш завсарлаад буцаж орж хуралдсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Тавантолгойн гэрээний асуудалд нэр бүхий гишүүд өөр ашигтай хувилбар байх хэрэгтэйг анхааруулсан байна.
Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн асуудлыг нэлээд удаан хэлэлцсэн байна. Ер нь бол энэ асуудал гишүүдийг талцуулсан гэхэд болох ажээ. Бүлгийн хурал дугаар шилжих мөчид тараагүй байлаа.
Б.Дамдин-Очир
zochin · 2017/02/07
АЛДАРТ ГОМО МӨНХӨӨ МИНЬ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР БАС АДИЛХАН ИЧИХГҮЙ ЧИ ӨӨРӨӨ ЭРЭГТЭЙ ХҮН БАЙЖ ЖООХОН ХӨВГҮҮДИЙГ УРУУ ТАТАХАА БОЛИХГҮЙ БОЛ ЧАМААР ОРОЛДОХОО БОЛИХГҮЙ