УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд тодорхой эрх ямба эдэлж байгаа бол үүндээ тохирсон үүрэг хүлээх ёстой гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдэгдээд дөрөв дэх сартайгаа золгож байна.

Тэрбээр бохир мөнгөө хэн нэгний нэрээр оффшорт хадгална гэвэл эндүүрэл хэмээн хуулиа сурталчилж байгаа. Гэвч энэ хугацаанд УИХ-ын гишүүд оффшор бүсэд данс эзэмших эрхээ хязгаарлана гэдэг нь эргэлзээ төрүүлэх болов. УИХ дахь олонхийн бүлгийн энэ асуудлаар авсан завсарлага дууссан ч өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцсэнгүй. Мөн намрын чуулган ирэх баасан гаригт хаах тов гараад буй энэ үед УИХ-аар хэлэлцзх төслийн жагсаалтаас хассан байна. Золоор манай парламентад Цагаан cap, наадмын өмнө хууль бөөнддөг бичигдээгүй хууль хэрэгждэг. Энэ бичигдээгүй хуулиар бол билгийн тооллоор шинэ он гарахаас өмнө Монгол Улс төрд тангараг өргөсөн албан хаагчдаа оффшор бүсэд данс, хувьцаа эзэмших, компани байгуулахыг хориглосон гурав дахь орон болсон гэдгээ дэлхий нийтэд зарлан тунхаглах боломж байгаа юм.

Ингэснээр оффшорыг дагасан олон жилийн маргаанд энэ удаагийн парламент цэг тавьж чадна. Оффшор данс тойрсон дуулианы анхдагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт. Тэрбээр хэсэг нөхдийн хамт байгуулсан компанийнхаа дансанд нэг сая ам.доллар мартаж орхисон гэдгээ хүлээн зөвшөерсөн. 

Үүнээс гадна өнгөрсөн оны парламентын сонгуулийн өмнө Сү.Батболд ба түүний нөхөд оффшор бүсэд бүртгэлтэй компанид хувьцаа эзэмшдэг болох нь ил болж байв. Мөн л сүр дуулиантай хэвлэлийн хурал хийж, татварын диваажинд хувьцаа эзэмшдэг болохоо зарласан. Гэхдээ “Монгол Улсад хуулиар хориглоогүй” гэдэг хэдхэн үгээр дуулианыг намжааж байлаа шүү дээ. Угаас хуулиар хориглоогүй болохоор ямар нэг ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээх учиргүй. Тэгвэл өнөөдөр УИХ-ын төвшинд гацаанд орсон хуулийн төслөөр оффшортныг хариуцлагажуулах юм. Наад зах нь албан тушаалаас нь чөлөөлж, хэрэв хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн бол эрүүгийн хэрэг үүсгэхээр төсөлд тусгажээ. Харин эрхэм гишүүд ийм харицлага үүрэх чадалтай эсэхийг үлдсэн хугацаанд харах л үлдлээ.

ЕРӨНХИЙ САЙД АСАН Сү.БАТБОЛДЫН АХАД ХАМААРАХГҮЙ

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр манай урд, хойд хоёр хөрш л өөр улсад хөрөнгөө байршуулахыг хатуу хуульчлан хориглосон байдаг бол Германы парламент энэ төрлийн зохицуулалт хийх хуулийн төслийг манайхтай зэрэгцэн хэлэлцэж байгаа аж. Гэхдээ манай улсын хувьд өмнө нь баталчихсан хуульдаа багахан нэмэлт хийх замаар энэ асуудлыг шийдвэрлэх хялбар гарц олсон. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс цаашаа яаж ч хувирах магадлалтай. Учир нь “65-ын бүлэг” байр сууриа нэгтгэж чадалгүй, завсарлага авч сунжруулж буйгаас үзэхэд оффшорын асуудлаар Бүлэг дотроо хагаралтай байгаа бололтой. Эрх баригчдын бүлэг оффшорын асуудлаар хоёр талцсан гэдэг нь хэлэлцүүлгийн шатанд удаа дараа ажиглагдсан. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороо арванхоёрдугаар сарын 06-ны хуралдаанаар дээрх хуулийн төслийг унагаасан. Гэвч үүнээс хоёрхон хоногийн дараа нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улс оффшорчидтойгоо тэмцэнэ гэдгийг олонхи дэмжиж байх жишээтэй. Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гэр бүлийн гишүүдийг нь хуулийн төсөлд нь хамааруулахыг зарим гишүүд хүчтэй эсэргүүцсэн. Тэдний зүгээс Үндсэн хуульд харшилж буй гэх шүүмжлэл өгсөн. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд зайлшгүй хамааруулах шаардлагатай гэдэг байр сууринаас хандаж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр мөн л Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогтын жишээ дурдагдсанаас онцлоход, “Өөрийнхөө нэрээр оффшор данс нээдэг С.Баярцогтоос өөр тэнэг байхгүй” гэсэн. Энэ асуудал бүр даамжраад төрсөн ах, дүүгийн хамаарах хүмүүст ч үйлчлэхээр даамжирсан юм. Тэгвэл олонхийн бүлэг дээрээ энэ асуудлыг эцэслэжээ. Нийтийн албанд ажиллаж буй 39 орчим мянган хүний эхнэр, нөхөр, хүүхдүүд гадаадад данс, хадгаламж эзэмшихийг хориглох шийдэлд хүрсэн гэдгийг Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэв. Мөн бүх улс гэдэг хавтгайруулсан нэр томъёог хасахаар болжээ.

Учир нь олон улсын банк санхүүгийн байгууллага, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудаас оффшор бүс гэж зарлаагүй, татварын эрх зүйн орчин нь эрүүл, ямар нэгэн мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг огт явуулдаггүй эдийн засагтай орнуудтай харилцах харилцаанд ингэж хориглолт тавих нь буруу гэж үзсэн байна. Тиймээс дээр дурдсан 39 мянган хүн, тэдгээрийн гэр бүлийнхэн оффшор гэгдэж буй бүсэд данс эзэмших, мөнгөн хадгаламж эзэмшихийг хуулиар хориглоё гэдэг заалт оруулжээ. Тухайн албан тушаалтны гэр бүлийн гишүүдэд нас биед хүрсэн хүүхэд нь хамаарах бөгөөд төрсөн ах, дүүсийг нь хассан байна. Учир нь төрсөн ах, дүүг нь дагаад тэдний хүргэн, бэр гэх мэт хөндлөнгийн хүмүүс орж ирж байгаа нь хүндрэл үүсгэсэн хэмээн Ажлын хэсгийнхэн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшор дансны дуулиан дэгдэхэд нэр холбогдсон түүний төрсөн ах Сү.Бат-Очирт энэ хуулийн төсөл хамаарахгүй аж.

С.БАЯРЦОГТ САЙДЫН ҮЕД ХУУЛЬТАЙ БАЙСАН БОЛ...

Бүлгийн шийдвэрээр оффшор бүсийн жагсаалтыг Засгийн газар жил бүр зарлахаар тусгасан байна. Засгийн газар жагсаалтыг батлахдаа OECDI буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн  байгууллага, FATF буюу Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын гаргасан жил бүрийн судалгааг үндэслэж жагсаалтаа гаргах аж. Харин дээр дурдсан 39 мянган албан тушаалтан жил бүр Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа, оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс эзэмшдэг, компани байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсвэл сонгогдсон өдрөөс хойш гурван сарын дотор бусдад шилжүүлэх, зарж борлуулах зэргээр зохих арга хэмжээ авч, энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлж байхаар хуульд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжсэнээр гурван сарын хугацаатай өршөөлийн зарчим хэрэгжих бөгөөд энэ хугацаанд хөрөнгөө эргүүлэн татаж болох уян хатан зохицуулалт орсон байна. Харин хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тусгалгүй нуун дарагдуулсан нь илэрвэл, халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн байсан ч суудлаасаа ховхорч мэдэх нь. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг олон нийт шаардаж. цөөнх эсэргүүцэх хандлага гарах болсон. Магадгүй тэр цөөнхөд эрхэм гишүүд багтаж магадгүй. Учир нь тэд ганцхан хуудас хуулийн хэлэлцүүлгийг дөрвөн cap сунжрууллаа. Хэрэв сайд асан С.Баярцогтын данс илэрсэн тэр үед энэ хуулийг хэлэлцээд баталсан бол 50 орчим оффшорчин хариуцлага хүлээх боломжтой байсан. Харамсалтай нь, 2013 онд илэрсэн асуудлыг шийдэхгүй явсаар өдийг хүрээд байна. Одоо ч шийдэхгүй бол цаашид 500 ч болж нэмэгдэж магадгүй. Тиймээс одоо заавал шийдвэрлэх шаардлагатай гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт чуулган дээр хэлснийг эргэн сануулах нь зөв байх.

 

 

Д.МЯГМАРДОРЖ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/