Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны 6-р сарын 26-нд болно.Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвших вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд яригдаж байна.
 
Сонгуулийн тухай хуулинд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд УИХ-д суудал бүхий МАН, АН, МАХН тус бүр нэр дэвшүүлэх эрхтэй. МАН-ын дарга,УИХ-ын дарга М.Энхболд намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр. Мөн саяхан намын даргаа шинээр сонгосон АН-ын хувьд ч айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг  хувилбарууд яригдаж эхэлсэн байна.
 
Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн хувьд өөрөө Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гэдгээ хэн бүхнээс түрүүнд албан ёсоор зарласан хэдий ч энэ нь бодит байдал дээр биелэх магадлал бага бололтой. Учир нь тэрээр албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө хувьдаа завшсан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан билээ. Мөн АН-ын дарга асан З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарласан. Тэр бүү хэл саяхан АН-д элссэн БНН-ын дарга асан, "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан шинэхэн элссэн намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатай байгаа ч АН-ын гишүүдээс дэмжлэг авах магадлал тун тааруу юм. Ингэснээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нарын аль нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших ёстой гэдэг л хамгийн бодитой хувилбар болж буй аж. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь бүтэлгүйтвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд оролцох гэнэ.
Ийнхүү одоогийн байдлаар Р.Амаржаргал, Г.Батхүү, Лу.Болд нар Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас өрсөлдөхөөр төлөвлөж байна.
 
П.Энхмандах
sonin.mn