Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газар байгуулагдаад долоо дахь сарынхаа нүүрийг үзэж буй. Энэ хугацаанд түүний танхимын сайдууд дундаас хамгийн их хэл аманд орооцолдож буй нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд, УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол болоод байна.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2017 оны 2 сарын 1-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын бүлэг жуулчид Монгол улсад визгүй зорчих асуудлаар талууд санал солилцож буй талаар ам алдсан бөгөөд энэ нь Хятадууд Монголд чөлөөтэй нэвтрэх нь гэсэн уур амьсгалыг иргэдийн дунд төрүүлж, МАН-ын нэр хүндийг илтэд унагасан билээ. Гадаад Харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил ч Д.Оюунхорол сайдын хариуцлаггүй үйлдлийн тухай :
 
"БНХАУ-ын 10-20 хүн нэг доор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл хөнгөлнө гэсэн үг. Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад "бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”. Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийн визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн. Энэ судалгааг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж байгаа. Бид судлаад үзэхээр Монгол Улс өнөөдөр 42 улстай визгүй харьцаж байгаа. Тэгэхээр үүнийг хэвээр үлдээнэ.
 
Визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай судалж байна. Мөн зарим орны иргэдэд Замын-Үүдийн хилийн боомт юм уу Буян-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална. Түүнээс биш бүх орны иргэд тур дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй” хэмээсэн юм. Ардчилсан хөгжсөн ямар ч оронд ийм хариуцлаггүй үг хэлж, алдаа гаргасныхаа төлөө огцрох нь зайлшгүй зүйл хэдий ч Д.Оюунхорол сайд энэ тухай ярихыг ч хүсээгүй билээ.
 
Тэгвэл төд удалгүй үүнээс ч илүү ноцтой үйл явдал болов. Тодруулбал Д.Оюунхоролын удирдаж буй Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны нэр бүхий удирдлагууд нь авлига авч байгаад АТГ-ынханд баригдсан хэрэг уржигдар гарлаа. Эдгээр нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү,  Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Бүнчинжав нар юм. Тэднийг Авилгалтай Тэмцэх Газрынхан  хуш модны самар хууль бусаар хил нэвтрүүлэх зорилготой компаний эзнээс авлига авсан гэж үзэж буй юм байна.
 
Д.Даваасамба нарын шууд удирдлаганд  нь ажилладаг хүмүүс авилгалын хэрэгт холбогдсонтой холбоотойгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхорол хүсэлтээрээ ажлаа өгч, огцрохоос өөр замгүй болсон тухай  МАН дахь зарим эх сурвалж өгүүлж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн өмнө ийм хариуцлаггүй хэрэгт Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамны дарга нар холбогдож, нийгэмд дуулиан дэгдээсний хариуцлагыг ёс зүйн хувьд ч, зарчмын хувьд ч Д.Оюунхорол намын удирдлагынхаа өмнө хариуцах нь мэдээж юм.
 
П.Энхмандах
sonin.mn