С.Эрдэнэалбан ёсоор АН-ын дарга болж, Ц.Туваан генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо



Ардчилсан намын VII их хурал өчигдөр Улаанбаатар паласт урлагийн тоглолттой, хэлэлцэх асуудал ихтэй болж өнгөрлөө. Энэ удаагийн VII их хурлыг Ш.Түвдэндорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн , Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, АН-ын их хурлын төлөөлөгч Ц.Эрдэнэболд нарын найман удирдан явуулав. 180 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болсон 2700 гаруй төлөөлөгч оролцсон уг хуралдаанд Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр зэрэг лидерүүд оролцож байгаа харагдсан.

Хуралдаанаар Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр товлосон. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг олонхийн саналаар шийдвэрлэх гэнэ. Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-нээс 7-ны хороонд тодруулах ёстой. Энэ хугацаанд бүх гишүүдээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Бүх гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII их хурлаар нууц санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттайгаар нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ удаагийн хуралдаанаар  С.Эрдэнэ албан ёсоор АН-ын дарга болсон юм. Харин намын генсекийг тодруулж чадаагүй. Хурлын дараа Ц.Тувааныг намын галт тогоог хариуцах генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Учир нь Ц.Туваан нь  АН-ын энэ удаагийн их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалсан бөгөөд өмнө нь Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан тун ойрын хүн нь юм. Харин түүнийг жинхэлэх эсэхийг долоо хоногийн дараа шийдвэрлэх юм. Учир нь АН-ын Үндэсний бодлогын хороогоороо Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар АН-ын Үндэсний бодлогын хороог бүрэлдэхүүн бий болоогүй. Тиймээс Ц.Тувааныг түр үүрэг гүйцэтгэгчээр томилоод байгаа. Ирэх долоо хоногт асуудал эцсийн байдлаар шийдвэрлэгдэнэ.

АН-ын энэ удаагийн хуралд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт нар сүүдрээ ч харуулсангүй. Тэдний хувьд энэ удаагийн хурлын сценари тодорхой байсан болохоор арга ч үгүй биз...