Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
2017/02/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. УИХ-ын тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана. Харин гадаадад байгаа монголчуудын саналыг зургаадугаар сарын 10, 11-ний өдөр авах юм байна.
Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарийг баталсан байна. Тодруулбал,
Нэгдүгээр сар. Сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох /гүйцэтгэсэн/
Хоёрдугаар сар. Хуулийн дагуу хэсэг байгуулна. Энэ хэсгийг санал авахаас 120 хоногоос доошгүй хугацааны өмнө байгуулна. Хэсгийн нутаг дэвсгэр, төвийг сум дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хариуцна. Мөн хоёрдугаар сарын 26-нд Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлана.
Гуравдугаар сар. Сургалт, семинарууд болно. Хуульд заасны дагуу сонгуулийн байгууллагад ажиллах ажилчдын багийн мэдээллийн сан бүрдүүлэх, ажилчдыг сургалтанд хамруулж гэрчилгээ олгоно.
Дөрөвдүгээр сар. Сонгуулийн байгууллагууд байгуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон гадаадад байгаа иргэдийн саналыг авах төв, салбар комисс байгуулагадан.
Тавдугаар сар. Нэр дэвшүүлэх ажиллагаа болно.
Зургадугаар сар. Сурталчилгаа явах, саналын хуудас хэвлүүлэх хүргүүлэх, санал авах, тоолох машинуудын программчлалыг хийж, туршилт явуулна. Үүний дараа хэсгүүдэд хүргүүлнэ.