Ардчилсан нам доторх алгуур хөдөлгөөн
2017/02/14
-Ардчилсан намын сонгуулийн ялагдал, хамгийн гол нь Ардчилсан нам доторх эрх мэдлийн шилжилт энэ нам дотор өөр нэг хөдөлгөөн, давалгааг үүсгэсэн нь фракциуд нь нэгдэх, задрах, сулрах байдлаар илэрч байна гэхэд болохоор. Үр дагаварт нь эрх мэдэл С.Эрдэнийн гарт ирсэн ч үүнийг дагаад нөгөө талдаа багцлагдан нэгдэх, тэрчлэн зарим нэг хэсэг нь бүр хүчгүйдэн сульдах, эрх мэдлийн тойргоос “жийгдэх” үйл явц зэрэгцээ өрнөж эхэллээ-
Ардчилсан намыг фракцигүй, тэмцэлгүй, тэр хэрээр эвтэй, хүчтэй нам болгох захиасыг энэ өдрүүдэд С.Эрдэнэ дарга бишгүй сонссон байх. Тэрбээр хоёр хоногийн өмнө намын даргын албан тушаалаа намынхаа Их хурлаас албан ёсоор батламжлуулж, уг ёслолоос хойш төд удалгүй анхны тушаалаа гарган АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг тэр дор нь томилов. АН-ын генсект МОАН+Нэг ардчилал фракци өөрийн төлөөллийг томилуулах саналыг тавьж, тодорхой нэрсийг зөвшилцсөн боловч С.Эрдэнэ эс дэмжсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Өмнө нь АН-ын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх зэрэг албан тушаалыг нам доторх фракциуд тэнцүүлэх зарчмаар хуваан авдаг байсан “хуучин” дүрэм энэ удаад лав үйлчилсэнгүй. Ингэлээ гээд энэ нам фракцигүй, талцалгүй, эвтэй болсон гэхээс илүүтэй “Шонхор” гэх нэг фракцийн мэдэлд шилжиж буй мэт дүр зураг харагдана. Намын дарга өөрийн фракциас генсекийг томилж, өөрийн компанийн байранд Төв намын оффисыг нүүлгэж, “Ардчилсан намыг байртай болгоно, бас фракцигүй болгоно” гэсэн амлалтаа биелүүллээ.
Албан тушаалын төлөө хэдэн өдрийн ил, далд хэлэлцээ, тохиролцоо хийж, талуудын эрх ашиг нэг цэгт огтлолцсоны дараа шийд гардаг байсан үе өнгөрч, нэг гараар, ногоон гэрлээр асуудал “гялалздаг” болжээ гэмээр. Гэвч С.Эрдэнэ энэ намд “эзэн” суучихлаа гэвэл эндүүрэл болно. Ардчилсан намын даргын төлөөх сунгаанд С.Эрдэнэ ялж, экс дарга Н.Алтанхуяг унаж байх зуур их олон “шилжилт хөдөлгөөн” энэ намын дотоодод явагджээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд Ардчилсан намын эрх барих, шийдвэр гаргах түвшний байгууллага дотор “Алтангадас”, “Шонхор” фракциудын хүчний харьцаа тэнцэж, тэдний тэнцвэр дээр суурилсан шийдлүүд л Ардчилсан намын шийдвэр болон гарч байв. Энэхүү эвтэй, тэнцэлтэй, тэгээд эрх мэдэлтэй балансаа урт хугацаанд хадгалах гэхдээ Ардчилсан намын “хаалгыг” арваад жил хааж, дотоод ардчиллыг боосон гэж гишүүд нь шүүмжилдэг билээ.
Харин саяын сунгаагаар “Алтангадас”-ын алтан гадас болсон Н.Алтанхуяг дарга өвдөг шороодож, тэрчлэн сунгаанд нэр дэвшсэнийхээ “торгууль”-д Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвших эрхгүй болж хоцорсноор тус фракци эрх мэдлийн тойргоос түрэгдэн гарч байгааг харууллаа. Нэгэнтээ “Алтангадас”-тай эвлэлдэж, эрх ашиг сүлэрч явсан “Шонхор” фракци намын даргын эрх мэдлээ энэ удаад аргагүй авч үлдэж, З.Энхболдыг С.Эрдэнээр сольж чадлаа. Удаад нь генсекээ ч авав. Урьд нь ардчилсан эмэгтэйчүүдийн байгууллагыг С.Одонтуяад шилжүүлснийг тооцбол бүх л эрх мэдэл, албан тушаал одоохондоо “Шонхор”-т очлоо.
Ялалтын марш тийнхүү яруу тод эгшиглэх зуур “ялагдагсад” нөгөө талдаа багцлагдаж байхыг үгүйсгэхгүй. Сунгаа гараанаас гарах үед л “С.Эрдэнэ ба бусад” гэсэн блок үүссэн нь санамсаргүй зүйл биш. Сунгаа дуусахын хэрд МОАН хэмээх фракци залуусын төлөөлөл бүхий “Нэг ардчилал”-тай нэгдэх талдаа байгаагаа илэрхийлж, саяхан үүнийгээ баталгаажуулаад амжлаа. “Алтангадас”-аас аль эрт нүүр буруулсан Г.Батхүү МОАН-ыг хөгжүүлж явахад “Алтангадас”-ын квотоор УИХ-ын Дэд даргад томилогдсон Я.Санжмятав “ганцааранг нь галын шугамд үлдээлээ” гэх утгатай үгсийг хэвлэлийн ярилцлага дотроо хавчуулав. Ардчилсан намын өөр нэг фракци, тэр тусмаа хамгийн ууган байгууллага болох МоАХ-ынхан бараг дөрөв хуваагджээ. Женкогийн МоАХ, бүр хуучин МоАХ, алтангадасын МоАХ, цаашлаад МОАН-ын МоАХ гэх зэрэг “хэв шинж”-тэй болсныг намынхан нь бол анзаарна. Хүч нь тал талдаа хуваагдаж буй МоАХ-аас гадна МҮДН гэх фракци бас бий. Эдийн засагчдын суурь гэгддэг тус фракци Хөгжлийн банкны бонд, зээл, “Эрдэнэт”-ийн худалдан авалт гээд сүүлийн үеийн хамаг л халуун асуудалд “чанагдаж” эхэлсэн тул ахиад нэг хэсэгтээ лав нам дотроо өндийхгүй болов уу. Зарим фракци нь лидергүй болж байхад зарим лидер нь фракцигүй ч явж байх аж.
Ардчилсан намын сонгуулийн ялагдал, хамгийн гол нь Ардчилсан нам доторх эрх мэдлийн шилжилт энэ нам дотор өөр нэг хөдөлгөөн, давалгааг үүсгэсэн нь фракциуд нь нэгдэх, задрах, сулрах байдлаар илэрч байна гэхэд болохоор. Үр дагаварт нь эрх мэдэл С.Эрдэнийн гарт ирсэн ч үүнийг дагаад нөгөө талдаа багцлагдан нэгдэх, тэрчлэн зарим нэг хэсэг нь бүр хүчгүйдэн сульдах, эрх мэдлийн тойргоос “жийгдэх” үйл явц зэрэгцээ өрнөж эхэллээ. Аливаа хөдөлгөөн бүр тодорхой цэг рүү тэмүүлдэгчлэн Ардчилсан нам доторх энэхүү өөрчлөлт эцэстээ “шинэчлэл” рүү хөтлөх хүч юм биш биз дээ?!
Иргэн · 2017/02/15
БААБАР ГУАЙ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙВ. АН-Н ДАРГА С. ЭРДЭНЭ МАШ ЗӨВ СОНГОЛТ АН СЭРГЭХИЙН ТУЛД ЁРООЛДОО ХҮРТЭЛ УНАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ....